УИХ-ын Тамгын дарга Б.Баасандорж өөрийн хүн гэгдэх Б.Төгсцэнгэлийг ТАЗ-д зүтгүүлж байгаа тул сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг нууцалж байж болзошгүй байна

УИХ-ын Тамгын дарга Б.Баасандорж өөрийн хүн гэгдэх Б.Төгсцэнгэлийг ТАЗ-д зүтгүүлж байгаа тул сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг нууцалж байж болзошгүй байна

Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйл, Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журамд заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах зарыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-ний өдөр олон нийтэд мэдээлсэн. 

Үүнээс хойш тус сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг албаныхан өгөөгүй энэ хүрэв. Угтаа сонгон шалгаруулалтыг хөндлөнгийн нөлөөгүй, шударга явуулах зорилгоор зохион байгуулах комиссыг байгуулж, улмаар тус комисс нь бүртгүүлсэн албан хаагч Зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хангаж буй эсэх талаар санал дүгнэлт гаргах учиртай. Мөн  санал дүгнэлтээр тэнцсэн албан хаагчдыг бүртгэнэ гэж Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журамд заажээ. Гэтэл өнөөдөр эл журмын дагуу бүртгэл явагдсан эсэх талаарх мэдээлэл алга байна. 

Төрийн албаны зөвлөлөөс уг сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг нууцалж байгаа нь учиртай аж. Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн гишүүн сонгон шалгаруулах комисс оролцогчдоос битүүмжилсэн мэдээлэл хүлээн авсан гэгдэж буй ч уг сонгон шалгаруулалтад зургаан хүн нэр дэвшиж байгаа талаарх мэдээлэл  хэдийнээ цацагджээ. Эдгээрийн дотор улстөрчид ч хүнээ шахаж байгаа гэх мэдээлэл байна. Тодотговол, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нь өөрийн хүн гэгдэх УИХ-ын Тамгын газрын Дотоод хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Төгсцэнгэлийг "Шахаж" байгаа гэх мэдээлэл байгаа юм. Тиймээс ч уг сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс нууцалж байгаа бололтой. Угтаа өмнөх жилүүдэд болсон Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгох сонгон шалгаруулалт нээлттэй явагдаж, энэ талаарх мэдээлэл ч дэлгэрэнгүй олон нийтэд хүрч байсан баримт ч байна. 

Ташрамд өгүүлэхэд, Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангах ёстой. Тодруулбал:

  • 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн;
  • Дээд боловсролтой;
  • Төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан;
  • Төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн;
  • Ял шийтгүүлж байгаагүй;
  • Сүүлийн нэг жилийн хугацаанд улс төрийн намын аль нэг байгууллагад сонгуульт болон бусад албан тушаал эрхэлж байгаагүй;
  • Сахилгын шийтгэлээр төрийн албанаас халагдаж байгаагүй байх ёстой аж.