Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төслийн хүрээнд “Цагаан бургастай–Онгийн усан цогцолбор”-ыг байгуулж, Улаан нуурын экосистемийг сэргээх төслийн нээлтийн ажиллагаа Төрийн ордны Баганат танхимд /2025.05.06/ өнөөдөр болж байна.
ВИДЕО:
Ёслолын ажиллагаанд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Говийн болон Хангайн бүсийн 16 гишүүн, төслийн бүтээн байгуулалт хийх Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь аймгийн Засаг дарга нар оролцож, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.
Энэ талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Аливаа том төслүүдийг хэрэгжүүлэхэд бүс нутгийн иргэдийн оролцоотой, амьдралд нь хэрхэн нөлөөлөх талаар экологи, нийгмийн нөлөөллийн үнэлгээг онцгой анхаарч ажиллах ёстой. Онги голын урсацыг сайжруулж, Улаан нуурыг сэргээх нь зөвхөн Монгол Улсын асуудал биш. Энэ нь олон улсын Рамсарын гэрээгээр нүүдлийн олон төрлийн шувуудын амьдрах, нүүдэллэх орчныг хамгаалах түүхэн ач холбогдолтой бидний үүрэг юм. Усаар дамжин хүн амын эрүүл мэнд, бизнес, эдийн засгийн тогтвортой байдал хангагдана” гэж мэдэгдлээ.
Түүнчлэн төслийг хэрэгжүүлэх явцад 1000 гаруй хүн ажлын байраар хангагдаж цаашид байнгын 130 ажлын байр шинээр бий болно.
Бүс нутгийн хэмжээнд 30 гаруй мянган хүн ам, 230 орчим мянган мал аж ахуй, газар тариалан, усаар хангагдаж, үр өгөөжтэй газар тариалан эрхлэх, аялал жуулчлал хөгжих шинэ экологи, нийгмийн ногоон дэд бүтэц бий болох болно. Ийнхүү Монгол Улс Цагаан бургастай-Онги болон Улаан нуурыг усыг нэмэгдүүлсэнээр цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлттийг даван туулах, бодлогын түвшинд дэмжиж усны мега төслийг хэрэгжүүлж эхэллээ.