УИХ-ын гишүүн Ө.Шижир 2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах тухай” батласан тогтоолын хэрэгжилт болон Тавантолгойн орд газрын холбогдох баримтуудын талаарх үнэн бодит мэдээллийг хүргэх тухай асуулгыг хүргүүлсэн. Тодруулбал, Тавантолгойн бүлэг ордын лиценз анх хэрхэн хувьд очсон, хамгийн анхны лиценз эзэмшигч хэн байв, ямар он цаг, үйл явцыг туулж Төрийн мэдэлд бус “Энержиресурс” ХХК-д үлдэв гэх агуулгаар асуулга тавьсан.
Тэгвэл түүний асуулгын хариултыг ирүүлжээ. Эл мэдээллийг УИХ-ын гишүүн Ө.Шижир өөрийн цахим хуудастаа хуваалцсан байна. Тус хариултад, " Улсын Их Хурлаас 1997 онд Ашигт малтмалын тухай хуулийг баталж, улмаар Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрыг анх байгуулсан. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын анхны даргаар 1997 оноос 2004 оны хооронд 7 жил гаруй хугацаанд Дугарын Жаргалсайхан ажилласан байдаг.
Д.Жаргалсайхан нь АМХЭГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа стратегийн олон олон ордыг хувийн компаниудад лиценз хэлбэрээр олгосон байдаг. Тухайлбал 1997 оноос хойш МУ-ын хэмжээнд хайгуулын 10000 гаруй лиценз олгогдсоноос 6000 гаруйг зөвхөн Д.Жаргалсайханы үед олгогдсон.
Тэгвэл Д.Жаргалсайханы үед Монголын хамгийн том нүүрсний ордын лицензийн эзэмшигчээр Д.Батсайхан тодорч байв. Д.Батсайхан нь анх “Майн Инфо” ЗБН-ийг үүсгэн байгуулж 1999 онд Тавантолгой-1 нэршилтэй 1900Х, Тавантолгой-2 нэршилтэй 1901Х дугаартай хайгуулын лицензүүдийг эзэмшсэн байдаг. Дараагаар нь “Майн Инфо” ЗБН-ийг “Майн Инфо” ХХК болгон хэлбэрийг өөрчлөх, мөн “Майн Инфо” ХХК-ийн эзэмшлийн дээрх лицензүүдийг өөрийн эзэмшлийн “Энергоресурс” ХХК-д шилжүүлэх зэрэг олон үйлдлүүдийг хийсэн байна. Эцэст нь “Энергоресурс” ХХК нь өнөөх л лицензүүдээ “Энержиресурс” ХХК-д шилжүүлэн эцсийн эзэмшигчид нь гардуулсан байдаг.
Д.Батсайхан нь “Майн Инфо” ЗБН нөхөрлөлөөс авахуулан лиценз эзэмшиж, нөхөрлөлийн хэлбэрийг өөрчлөх, лицензийг өөрийн эзэмшлийн компаниудад дамжуулах, эцсийн эзэмшигчийг нь нууцлан далдлах санаа зорилгоор маш олон удаагийн удаа дараалсан хэлбэрээр тус лицензийн шилжүүлэг хийсэн байна.
Тавантолгойн лицензийг Төрөөс авсан анхны компани “Майн Инфо” ХХК нь бүхий л зорилгоо биелүүлж, лицензийг “Энержиресурс” ХХК-д шилжүүлснийхээ дараа 2007 онд “Эм Ай Эйч” ХХК-д шилжсэн байдаг. “Эм Ай Эйч” ХХК-ийн 50%-ийг АМХЭГ-ын дарга асан Д.Жаргалсайхан нь эзэмшдэг"гэжээ.