УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Найдалаа нарын ХБ-ны хэрэг шүүхээр гэм буруутай нь эцэслэгдвэл тэдний бүрэн эрхийн асуудал хөндөгдөнө

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Найдалаа нарын ХБ-ны хэрэг шүүхээр гэм буруутай нь эцэслэгдвэл тэдний бүрэн эрхийн асуудал хөндөгдөнө

Хөгжлийн банкны хэргээр нийтийн албанд томилогдох эрхээ 2 жилээр хасуулж, 20 сая төгрөгөөр торгуулах ял сонссон УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарын гишүүний бүрэн эрхийн асуудал нэг хэсэг хөндөгдсөн ч түүнийг гишүүнээс түдгэлзүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа. 

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн мэдээлж буйгаар Дав.Цогтбаатар гишүүнтэй холбоотой асуудал хуулийн мухардалд орсон тул цаашид шийдвэрлэх аргагүй гацчихсан байгаа аж. Тэгвэл эл асуудал эцэслэгдээгүй байхад дахин хоёр УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал удахгүй үүсэж магадгүй байна. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нар Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон байдаг. Улмаар Н.Алтанхуягт холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож, цагаатгасан ч Улсын Дээд шүүх тус хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм. 

-"Н.АЛТАНХУЯГТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ХЭРЭГТ АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ АНХААРЧ ҮЗЭЛГҮЙ ОРХИГДУУЛСАН"-

Тодотговол, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр нар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Говийн зам” ХХК-ийн барьсан замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр төрд худалдаж авсан, “Бэрэн” ХХК-д 2014 онд Хөгжлийн банкнаас зээл олгосон гэх хэргүүдийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан учир прокурорын эсэргүүцлээс зарим хэсгийг хангаж Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нарыг дээрх хэргүүдэд цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, гэм буруутай эсэхийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж Улсын дээд шүүх үзсэн байдаг. 

-Б.НАЙДАЛААД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЦАГААТГАСАН Ч ДАВЖ ЗААЛДАХ БОЛОХ УДШ ДАХИН ХЭЛЭЛЦЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЭВ-

Харин УИХ-ын гишүүн Б.Найдалаад холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэсэн ч давж заалдах шатны шүүх түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм. Уг магадлалыг Улсын дээд шүүх хэвээр үлдээснээр түүнд холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон. Учир нь хяналтын шатны шүүхээс "анхан шатны шүүх хэргийн болсон үйл явдал, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, хамтран оролцоог нотлох баримтад тулгуурлан тодорхойлж үйл баримтын дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн Хөгжлийн банкны тухай хууль, дүрэм, журамд Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлага /Зээлийн удирдлагын хороо/-ын түвшинд тодорхой үнийн дүнгээр хязгаарласан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх асуудлыг тус тусдаа шийдвэрлэхээр зохицуулсан ба эдгээр хууль тогтоомжийн хүрээнд Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж зээлийн санхүүжилтийг хэлэлцэж, эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргаж байсан нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна" хэмээн үзсэн байдаг. 

-УДШ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГИЙН ТОГТООЛОО АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД ХҮРГҮҮЛЖЭЭ-

Тиймээс ч УИХ-ын гишүүнээр сонгогдоод буй Н.Алтанхуяг, Б.Найдалаа нарт холбогдох хэргийг удахгүй анхан шатны шүүх хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Улсын Дээд шүүх Хөгжлийн банкны хэргийн тогтоолыг анхан шатны шүүхэд хүргүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хурлыг удахгүй товлох аж. Хэрэв Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нарыг Хөгжлийн банкны дээрх хэрэгт гэм буруутай гэж үзэж, шүүх эцэслэвэл тэдний бүрэн эрхийн асуудал мөн хөндөгдөх бөгөөд Дав.Цогтбаатар гишүүний дээрх түүх давтагдаж магадгүй болоод байна.