БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины урилгаар өчигдөр /2025.05.07/ Москвад хүрэлцэн ирж, Зөвлөлт Холбоот Улс Нацист Германыг ялсны 80 жилийн ойг тэмдэглэх Ялалтын баярын арга хэмжээнд оролцохоор болсон байна. Энэ нь Ши Жиньпиний Орост хийж буй 11 дэх айлчлал аж.
Ши Жиньпинийг Москва хотын Внуково олон улсын нисэх онгоцны буудалд Оросын Засгийн газрын орлогч дарга Татьяна Голикова болон бусад өндөр албан тушаалтнууд хүндэтгэлийн ёслолоор угтан авсан бол түүний онгоц ОХУ-ын агаарын хилийг нэвтрэх үед Оросын Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцнууд хүндэтгэлийн хамгаалалт үзүүлжээ.
Айлчлалын үеэр Ши Жиньпин болон В.Путин нар хоёр талын харилцаа, эрчим хүч, худалдаа, бүс нутгийн болон олон улсын асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа бөгөөд “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг онцгойлон авч үзэх аж.
Энэ талаар Bloomberg tv Mongolia-д, "Хятадын талаас хоолойг Монголын нутгаар дамжуулахын оронд Хятад, Оросын залгаа хилээр шууд холбохыг илүүд үзэж байгаа тул Ши Жинпинь, В.Путин нарын уулзалтын үеэр үүн дээр Оросын тал шахалт үзүүлэх аж. Мөн БНХАУ-ын тал өмнө нь хэлэлцээг гацаагаад байсан борлуулалтын өндөр үнийн асуудалд дахин яриа хэлэлцээ эхлүүлэхийг зөвшөөрч магадгүй гэж Хятадын Засгийн газрын эх сурвалж Bloomberg-т мэдээлжээ.