Өвчний улмаас 2021 оны долдугаар сар /2021.07/-д таалал төгссөн Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хүү Ж.Гарьдыг нь яллагдагчаар татсан хэргийг шүүхээс прокурорт буцаасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
ВИДЕО:
Тэгвэл тус хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, иргэн Ж.Гарьд нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын нэр бүхий албан тушаалтантай үгсэн хуйвалдаж өөрийн шууд хяналтад үйл ажиллагаа явуулдаг компаниараа дамжуулан “Улаанбаатар төмөр замаар олон улсын болон орон нутгийн харилцаанд тээшний вагон тээвэрлэх” хамтран ажиллах гэрээ байгуулж, тус компанийн орлого болох 600 мянган ам долларын хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор гадаад улсад өөрийн үүсгэн байгуулсан компанийн дансанд шилжүүлж, улмаар Улаанбаатар хотод үйлчилгээний зориулалттай объект болон газар худалдан авч мөнгө угаасан хэрэгт холбогдсон байдаг.
Тиймээс прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-уул, Сонгинохойрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.