ШУУРХАЙ: Монгол иргэн ОХУ-ын хилээр их хэмжээний рубль хууль бусаар гаргах гэж байсныг илрүүлж, 4 жилийн хорих ялтай зүйл ангиар шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: Монгол иргэн ОХУ-ын хилээр их хэмжээний рубль хууль бусаар гаргах гэж байсныг илрүүлж, 4 жилийн хорих ялтай зүйл ангиар шалгаж эхэлжээ

ОХУ-ын хилээр хууль бус их хэмжээний мөнгөн дэвсгэрт нэвтрүүлэхийг завдсан монгол иргэнийг саатуулан шалгаж эхэлсэн талаар ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

Тодруулбал, Красноярскийн гаалийн газрын хэвлэлийн албаны мэдээлснээр, 54 настай монгол эрэгтэй Хандгайтын шалган нэвтрүүлэх боомтоор хил нэвтрэхдээ мэдэгдэхүйц сандарсан байдалтай байсан бөгөөд аман байцаалтад мэдүүлэг өгөхдөө эд зүйлгүй, мөнгөгүй гэдгээ хэлсэн гэжээ. Гэвч байцаагчид хувийн үзлэг хийх явцад хувцасных нь ар хэсгээс мөнгөн дэвсгэрт бүхий хар цүнх илрүүлсэн байна. Улмаар мөнгөн дэвсгэртийг шалгаж үзэхэд хууль бусаар 6.2 сая рублийг бэлэн мөнгө болгон шилжүүлж, хил нэвтрүүлэхийг завдаж байсныг ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Холбооны аюулгүй байдлын алба болон гаалийн ажилтнууд илрүүлсэн байна.

Онц их хэмжээний мөнгө хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх монгол иргэний хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд холбогдох хуулийн зүйлд заасан шийтгэл нь бэлэн мөнгөний хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих шийтгэл шийтгэл оногдуулдаг байна. Улмаар шүүхийн шийдвэр гарах хүртэл мөнгийг хураан авсан бөгөөд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Түүнчлэн үүнтэй ижил төстэй хилийн зөрчлөөс үүдсэн хэргийг ОХУ-ын хилээр гарч буй монгол иргэд их үйлдэх болсон бөгөөд өмнө нь Монгол Улсын иргэн ОХУ-ын хилээр хоёр элбэнх нууцаар гаргах гэж байсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байсан бол түүнээс өмнө мах, сүүн бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эдийг ОХУ-д нэвтрүүлэхийг завдсан байдаг. Уг бүтээгдэхүүнийг ОХУ-д хориглодог. Учир нь эдгээр бүтээгдэхүүнийг эпизоотикийн таагүй нөхцөлтэй орноос импортлогдсон гэж үздэг аж. Иймд монгол иргэд хилээр гарахдаа энэ мэт зарчлөөс болгоомжилж, хууль бус эд зүйлс тээвэрлэж гарахгүй байхыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэлээ.