БНСУ-ын хил дээрээс шалтгаангүй буцаагдсан иргэдийн төлөөлөл өнөөдөр /2025.05.14/ мэдээлэл хийж, эрхээ зөрчүүлсэн талаар ярьсан. Мэдээллийг ЭНД дарж унших.
Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өгчээ. Тэрбээр " БНСУ-тай хийж буй бүхий л уулзалтынхаа үеэр энэ талаар ярьж байна. Эрхэнд нь халдсан, хохироосон, виз өгчхөөд хилээрээ оруулахгүй байгаа зэрэг асуудлыг хөндөж ярьдаг. Харин БНСУ-ын Элчин сайдын яамнаас "Төвдөө уламжилж байна. Хууль зүйн яамнаас шийдвэрийг гаргадаг. Эрх зүйн хувьд онцгойлоод ганцхан визний хөнгөлөлт үзүүлэх ямар ч боломжгүй. Гэхдээ судалж үзье" гэсэн хариуг өгсөн. Манай иргэд визээ мэдүүлэхдээ зорилгоо болон хаана буудаллах зэргээ тодорхой хэлж чаддаггүй юм билээ. Түүнийгээ мэдэж байх ёстой. Энэ бол айлын талын дүрэм, журам. Дүрмээ зөрчөөд манай иргэдийг оруулах ёстой гэж шахах боломжгүй. Манай улс ч зорилго нь тодорхойгүй хүмүүсийг хилээрээ оруулдаггүй. Он гарснаас хойш нийт 60 гаруй солонгос иргэнийг манайх буцаасан байна лээ. Харин БНСУ нь 500 гаруй монгол иргэнийг буцаасан. Хүний эрх зөрчигдсөн гэх асуудлаар Гадаад харилцааны яам, консулын газар байнга ажилладаг. Тухай бүрд нь мэдээлэл авч ажилладаг гэсэн үг. Байнгын БНСУ-д зорчиж бизнес эрхэлдэг, эмнэлгээ тодорхой болгосон эрүүл мэндийн асуудалтай хүмүүст визний хөнгөлөлт үзүүлээч гэж бид байнга хэлдэг" гэжээ.