Б.Одонтуяа: Шахмал түлшнээс болж зургаан хүнээ нэг дор алдсанд Засгийн газар, "Тавантолгой түлш"-д гомдолтой байгаа /ВИДЕО/

Б.Одонтуяа: Шахмал түлшнээс болж зургаан хүнээ нэг дор алдсанд Засгийн газар, "Тавантолгой түлш"-д гомдолтой байгаа /ВИДЕО/

Баянгол дүүргийн 22 дугаар хороонд оршин суух нэг айлд зургаан иргэн угаартсан байдалтайгаар амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ оны нэгдүгээр сард гарсан. Улмаар тухайн хэргийг хуулийн байгууллагаас шалгаж байсан бөгөөд шүүх шинжилгээний хариу саяхан гарсан гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм. Тэгвэл тухайн хэрэг хэрхэн шийдвэрлэгдэж байгаа талаар талийгаачдын ар гэр болох иргэн Б.Одонтуяатай ярилцлаа. 

ВИДЕО: 

-ИРГЭДЭД УТААГҮЙ ТҮЛШ "ШАХААГҮЙ" БОЛ ОХИН МИНЬ, ДҮҮ НАР МИНЬ, АХ МИНЬ АМЬД БАЙХ БАЙСАН -

-Нэг гэр бүлийн зургаан хүн харамсалтайгаар амиа алдсаны нэг нь танай охин байсан байна. Энэ хэрэгтэй холбогдох шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан уу. Гарсан бол хэрхэн гарсан талаар та мэдээлэл өгөөч?

-Шүүх эмнэлгийн дүгнэлт гэж гурван хуудас зүйл байна лээ. Зургийг нь үзье гэж хэлсэн боловч үзүүлэхгүй байсан. Тэгэхээр нь байцаагчид нь “Яахаараа ийм гуравхан хуудас зүйл байдаг юм бэ. Өмнө нь манай нэг хамаатан өнгөрөөд шүүх шинжилгээний хариутай нь танилцахад ном шиг л зузаан зүйл байсан шүү дээ” гэж хэлэхэд “Ахаа би мэдэхгүй. Дээрээс ирсэн шийдвэр” гэж хэлсэн л дээ.

-Шүүх эмнэлгийн дүгнэлт нь юу гэж гарсан юм бол. Та уншиж танилцсан уу?

-Танилцсан. Бүхэлд нь танилцаж гарын үсэг зурдаг юм байна лээ. Тухайн шүүх шинжилгээний бичигт угаартсан гэж гарсан байсан. Надаас “Та хэнд гомдолтой вэ” гэж асуусан. Би ч Засгийн газар, Тавантолгой түлш ХХК-д гомдолтой байгаагаа хэлсэн. Түүнийг нь ч бичсэн л байна лээ.

-Энэ асуудлыг нь хэрхэн шийдвэрлэх талаарх мэдээллийг танд өгсөн үү?

-Өгөөгүй. Бараг л ингээд хэрэг нь хаагдаж байгаа юм байлгүй дээ. Шүүх эмнэлгийн дүгнэлт дээр нүүрсний талаар хариу өгөөгүй байна лээ.

-Шүүх эмнэлгийн дүгнэлт дээр өөр юу гэж тодорхойлсон байсан бол?

-Манай хүүхдэд задлан хийгээд бүх зүйл нь эрүүл, архаг өвчин байхгүй байна гэж гарсан байна лээ. Бусад таван хүнийхийг үзье гэхэд О.Одбаяр хохирогчоор тодорхойлуулсан гээд үзүүлээгүй. Манай нэг ахтай цуг хохирогчоор нь тогтоогдсон юм билээ. Ер нь зургаагийн зургаан хүн нэг зэрэг алдана гэдэг чинь хэцүү шүү дээ.

-“Тавантолгой түлш” ХХК болон эрх бүхий албан тушаалтай хүмүүс та бүхнээс албан ёсоор уучлалт гуйж, оршуулгын зардалд нь хандив өгсөн зүйл бий болов уу?

-Баянгол дүүргийнхэн гэж 12 хүн ирээд таван сая төгрөг өгсөн. Бас гал түлэхийг хориглож байгаа гээд "газаар халаах уу, тогоор халаах уу" гэсэн судалгаа авч байна лээ. Би тогоор халаах санал өгсөн.

-Зургаан хүнээ нэг дор алдсан хүнд мэдээж айдас байгаа байх?

-Одоо бол өглөө, орой гал түлэхдээ заавал цонхоо онгойлгодог болсон. Түлш гэж их хэцүү юм байдаг юм байна.

Тэр хэрэг явдлын дараа манайд угаар хэмжигч тавьсан. Нас барсных нь дараа шүү дээ. Тэр нь тамхины утаанд ч дуугардаг л эд байна билээ.

Иргэн Б.Одонтуяа

-ШҮҮХ ЭМНЭЛЭГ ДӨРВӨН ТОМД МААНЬ ЗАДЛАН ХИЙГЭЭД ХОЁР БАГА ДҮҮД МИНЬ ХИЙГЭЭГҮЙ БАЙНА ЛЭЭ-

-Тухайн үед талийгаач нарын хувийн мэдээлэл задарсан байсан. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би боддог юм. Засгийн газрын базаа л байх. Сонгинохайрхан дүүрэгт 10 хүн нас барахад бүгд архичин гэсэн мэдээ тарааж байсан шүү дээ. Манай О.Одбаяр дүү Сүхбаатарын талбай дээр ярилцлага өгөх гээд очиход манай эгчийн хүүхэд “Битгий ярилцлага өг” гэхэд нь доор нь дандаа тролл хаягууд аймшигтай зүйлс бичсэн байсан.

-Хувийн мэдээллийг задалсан гэх хэрэг дээр нэр бүхий гурван хүнийг шалгаж байгаа гэх мэдээллийг өгч байсан. Энэ талаар танд мэдээлэл бий юу?

-Тэр талаар надад мэдээлэл өгөөгүй. Гэхдээ О.Алтангэрэл сайд нэг ярилцлага өгөхдөө “гурван хүнийг шалгаж байгаа. Аль ч намд хамааралгүй хүн” гэсэн байсан. Тэр нь худлаа шүү дээ. Засгийн газрын дундын групп чатнаас мэдээлэл алдагдсан байна гэсэн. Гэхдээ тэр групп чат луу дурын хүн орохгүй нь ойлгомжтой.

-Зургаан хүний амь насаа алдсан энэ хэрэг ингээд хаагдаж байна уу. Ер нь цааш үргэлжлэх болов уу?

-Байцаагчаас нь асуухад юу ч дуугарахгүй байна лээ. Одоо прокурорт очоод л хэрэг нь хаагдах байлгүй. Хортой нүүрс төр засгаас шахаагүй бол бид нар түлэхгүй шүү дээ. Ядаж энэ сайжруулсан түлш нь үнэргүй, өнгөгүй юм.Түүхий нүүрс байсан бол утаа гараад, үнэртээд хүн мэднэ шүү дээ. Нас барсан өдөр нь би хэрэг явдал болсон газар очоод дотогш орж харья гэхэд оруулахгүй байсан. Гэтэл сая шүүх шинжилгээний дүгнэлтэд зурагнууд байхаар нь үзье гэхэд үзүүлэхгүй юм байна лээ. Тэгвэл бусдынх нь зургийг үзэхгүйгээр охиныхоо зургийг үзье ч гэж хэлж үзсэн.

Гэхдээ шүүх эмнэлэг дөрвөн томд нь л задлан хийсэн байсан. 6-10 настай хоёр багад нь хийгээгүй юм билээ. Шүүх эмнэлгээс зургаагийн зургаан хүн авч гарах ч их хэцүү байсан. Оршуулахдаа хоёр багыг нь ээжтэй нь цуг нэг нүхэнд хийсэн. Хэцүү л юм.

-ОХИН МИНЬ "ЦАГДАА БОЛНО" ГЭЖ МӨРӨӨДДӨГ БАЙСАН-

-Таны охин хэдэн настай байсан бэ. Охиныхоо талаар дурсаж ярьж болох уу?

-Манай охин 15 настай, аравдугаар ангийн охин байсан. Дөрвийн дөрвөн нялх хүүхэд л үнэхээр харамсмаар. Манай охин чинь том болоод цагдаагийн академи төгсөнө гэж ярьдаг байсан юм шүү дээ. Би хоёр хүүтэй, ганц охинтой байсан. Манай охины ээж нь багад нь нас барсан юм. Ээжийгээ мэдэхгүй л өссөн охин юм  шүү дээ. Нас бардаг дүүгийн маань хоёр хүүхэд намайг өвөө гэж дууддаг байсан. Одоо би хөлөндөө, нуруундаа төмөртэй, хүнд ажил хийж болохгүй заалттай хүн. Тэгээд гутал засвар ажиллуулдаг байсан ч Х.Нямбаатарын шийдвэрээр ТҮЦ ачихдаа миний ТҮЦ-ийг ч ачаад явсан. Хийдэг ажлыг маань төр засаг ингээд боочихож байгаа юм. Хэцүү л байна. ЗДТГ-аас ирж уулз гэдэг. Уулзаад яах вэ дээ. Мэдэгдсэн нь манайх болохоос мэдэгдээгүй нь олон л байдаг байх. Мөн дээрээс нь ч дарамталдаг юм шиг байгаа юм.

-Та бүхэнд ямар нэг дарамт шахалт ирсэн болов уу?

-Нэг хэсэг үнэхээр хэцүү байсан. Янз бүрийн хүмүүс залгаад “өөрсдийнхөө алдаанаас болж үхчихээд, улс төр хийлээ” гэж хэлж байсан удаа бий.

-О.Одбаярын тухайд одоо ямар нөхцөл байдалтай байгаа вэ?

-Одоо авто угаалгад ажил хийж байгаа. Сэтгэл санаа нь тогтворгүй болсон байх шиг байна лээ. Аргагүй л дээ. Хэцүү шүү дээ.