Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэнүүний хэт тансаглал олны дургүйцлийг хүргэж, хариуцлага нэхсэн иргэд Чингисийн талбайд гурав дахь өдрөө жагсаж байна. “Огцрох амархан” жагсаалд оролцогчдын дийлэнх олонхийг залуус эзэлж буй бөгөөд тэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулж, хуулийн арга хэмжээ авахуулах хүртлээ тэмцэнэ гэж буй юм.
-ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ АЖЛЫН АРД Д.АМАРБАЯСГАЛАН, С.АМАРСАЙХАН НАР БАЙГАА ТАЛААР УЛС ТӨРИЙН ХҮРЭЭНД ЯРЬЖ ЭХЛЭВ-
Ордны гаднах энэ үйл явдалтай зэрэгцэн Төрийн ордон дотор ч улс төр бужигнаж, буцалж байна. "Бүх юм учиртай" гэдэг шиг улс төрийн өнөөдрийн үйл явц ч учиртай. Цаашлаад энэ акц хэрхэн үргэлжлэх, яаж төгсөх, ямар үр дүн гарах талаар тодорхой хүрээнд ярьж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар "эрх баригч МАН-ын гишүүд таван жилийн турш тогтвортой ажилласан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахаар хөдөлж эхэлжээ.
Үүнийг МАН-ын “Хоёр А”-ийн фракц буюу УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Шадар сайд С.Амарсайхан нар нийлж зохион байгуулж байгаа талаар улс төрийн хүрээнд ярьж байна.
Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сүүлийн өдрүүдэд чуулганы хуралдааны үеэр илтэд Засгийн газрыг, Засгийн газрын гишүүдийг шүүмжлэх болсон. Тэрбээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн бодлогын хуулиудыг унагаж мөн цаашлаад БНСУ-ын хил дээрээс монгол иргэдийг буцааж буй асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс асуулт асууж “Үүнд анхаарч ажилла. Нэг ч иргэний эрх зөрчигдөх ёсгүй. Таны илтгэлийг сонсохгүй” зэргээр хэлсэн. Хамгийн сүүлд гэхэд Засгийн газраас, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяраас өргөн мэдүүлсэн “Гурилын импортыг гаалийн албан татвараас чөлөөлснийг цуцлах хууль”-ийн төслийг унагалаа.
Мөн түүний хүн болох УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар чуулганы хуралдааны үеэр ядуурал их болсныг худалдан авах чадвар эрс буурч инфляци 8.6 хувь болсныг сануулж, Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэсэн. Цаашлаад Ерөнхий сайдын хүүгийн ёс зүйгүй үйлдлийг Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нарын гишүүд шүүмжилж, “Ерөнхий сайдын асуудал эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээнд очвол намаас түдгэлзүүлнэ” гэж МАН-ын дүрмийг сануулсан.
Энэ мэтээр улс төрийн уур амьсгал аль хэдийнэ эвгүйрчээ. Одоо процесс Засгийн газрыг огцруулах бичгийг санаачлах, гарын үсэг зуруулахаар үргэлжлэх ёстой. Тэгвэл Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нар парламентад 2 ба түүнээс дээш сонгогдсон гишүүдтэй уулзаж, дараагийн сайдаар ажиллах санал тавьж, тохироог ч хийчихсэн гэх мэдээлэл ч байна.
-Д.АМАРБАЯСГАЛАНД ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ДАХИН НЭР ДЭВШҮҮЛЭХ ХҮСЭЛ БАЙХГҮЙ БАЙГАА-
МАН-д Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Зүүний хүчний холбоо, УИХ-ын дарга асан М.Энхболдын хотын фракц, УИХ-ын гишүүн Сү.Батболдын “МИГМО” фракц, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Шадар сайд С.Амарсайхан нарын хамтарсан "Хоёр А" фракц бий. Д.Амарбаясгалан нь МАН-ын гал тогоонд 2009 оноос үүний 6 жилд нь намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан учир Бага хурал, Удирдах зөвлөлийн 50 хувьд өөрийнхөө хүмүүсийг оруулсан гэдэг.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд өөрийн гэх хүмүүсгүй, тэрбээр энэ өдрүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзалт хийж эхэлсэн талаар ч мэдээлэл байна.
Түүний хүүгийн тансаглал савнаас хальж, өчигдрөөс Ерөнхиийлөгч У.Хүрэлсүхийн эхнэр хэрэг эрхлэх газрынх нь дарга Г.Занданшатарын нууц амраг, Я.Содбаатарын бэр охины тансаглалаар үргэлжилж эхэллээ. Ерөнхийлөгчийн эргэн тойрныхныг мөлжих дүүжилж хаяж буй шалтгаан нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгчтэй нийлсэнтэй холбоотой байж ч магадгүй юм.
Эцэстээ энэ бүх маргаан нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өөрчилж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дахин нэр дэвшүүлэх хүслээс эхэлсэн бололтой.
Тодруулбал, У.Хүрэлсүхийг дахин Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүсэл Д.Амарбаясгаланд байхгүй бөгөөд ирэх намраас өмнө Л.Оюун-Эрдэнийг унагаж энэ төлөвлөгөөг бүтэлгүйтүүлэх төлөвлөгөөтэй байгаа. МАН дараагийн Ерөнхий сайдаа тохирвол огцруулах асуудлыг шуурхайлах бөгөөд дагаад улс төр бүхэлдээ хөдөлж, Л.Оюун-Эрдэнийн хамгаалалтад орсон Л.Гантөмөрийг АН-аас зайлуулахаар хөдөлнө. Саяхандаа Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын нөхөрлөлийг "Гоё биз" хүмүүс ярьдаг байв. Гэхдээ энэ цагт тэдний зам салж байна.