СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарсаар 2112 удаагийн обьектийн гал түймэр бүртгэгдсэний 64 хувь нь иргэдийн санамсар болгоомжгүйгээс үүдэн гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарсаар 2112 удаагийн обьектийн гал түймэр бүртгэгдсэний 64 хувь нь иргэдийн санамсар болгоомжгүйгээс үүдэн гарчээ

ОБЕГ-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.05.19/ мэдээлэл хийлээ. УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа нар мэдээлэл хийсэн юм.

Улсын хэмжээнд өнөөдрийн /2025.05.19/ байдлаар объектын гал түймрийн 2112 удаагийн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 64.6 хувь нь иргэний санамсар болгоомжгүй байдлаас, 25 хувь цахилгаанаас, 6.6 хувь шалтгаан тогтоогдоогүй, хоёр хувь машин техникийн гэмтэл ашиглалтын буруугаас, нэг хувь санаатай үйлдлээс, 0.9 хувь бусад шалтгаанаас үүдэн гарчээ. Өмчийн хэлбэрээр нь ангилж үзвэл ихэнх буюу 76.5 хувь нь хувийн өмчид, 15.9 хувь нь төрийн өмчид бүртгэгдсэн байна.Нийт тохиолдсон гал түймрийн 67.1 хувь буюу 1418  нь  нийслэлд бүртгэгдсэн бөгөөд  21 аймагт 32.9 хувь буюу 694 удаа тохиолдсноос  Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгуудад объектын гал түймрийн тохиолдол дийлэнх нь бүртгэгджээ.

Харин  12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 89 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31.4% өссөн дүнтэй байна.

Ой, хээрийн гал түймрийн аюулын зэрэгтэй тохиолдсон түймрийн голомтын байршлыг харьцуулан үзэхэд аюулын хувьд “маш их” эрсдэлтэй үнэлэгдсэн нутагт нийт гарсан түймрийн 30 хувь их.  Эрсдэл бүхий нутагт 60 хувь нь дунд, эрсдэл  бүхий газар нутагт 8 хувь нь бага, эрсдэл бүхий нутагт 2 хувь тус тус тохиолдоод байна.  Иймд иргэд, олон нийт ой, хээрийн гал түймрийн аюулын эрсдэл бүхий нутаг дэвсгэрт гал алдахаас сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.