Өнгөрөгч бямба гарагт буюу 2025 оны тавдугаар сарын 17-ны өдөр барилгын ажил хийж байсан гурван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл уг ослын талаар ЦЕГ-ын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэгээс тодрууллаа. Тэрбээр "Ховд аймагт 40 айлын, таван давхар орон сууцны шинэ барилга дээр ажиллаж байсан 11 хүн унаж бэртсэнээс хоёр нь газар дээрээ, нэг нь эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Өдгөө гурван хүний биеийн байдал хүнд, ухаангүй байдалтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна. Ослын шалтгаан нь барилгын талбайд өргөгч төхөөрөмжийн тросс тасарч унасны улмаар гарсан нөхцөл байдал тогтоогдсон. Энэхүү барилгын ажлыг 2024 оны 4 дүгээр сард эхлүүлсэн байна. Уг осолд хэрэг нээн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа ба хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн байвал хариуцлага тооцох нь зүй" гэлээ.