Ж.Соронзонг Монгол, Оросын хамтарсан III сургуулийн "менежерийн албан тушаал"-д буцаан томилох боломжгүй гэж шүүх үзээд, 24 сая төгрөг олгохоор шийдвэрлэлээ

Ж.Соронзонг Монгол, Оросын хамтарсан III сургуулийн "менежерийн албан тушаал"-д буцаан томилох боломжгүй гэж шүүх үзээд, 24 сая төгрөг олгохоор шийдвэрлэлээ

Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзон нь дахин шүүхэд хандаж, "менежерийн албан тушаал"-аасаа халагдаад дахин шүүхэд хандсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тодруулбал, Ж.Соронзон нь нөхөр Н.Лүндэндорж, дүү Ж.Содбилэг нартаа давуу байдал олгож, 3.3 тэрбум төгрөгийн асуудалд холбогдсон хэргээр ажлаасаа чөлөөлөгдсөн гэгддэг. Улмаар ажилдаа буцаж томилогдохын тулд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай нэг хэсэг шүүхдэлцсэн ч эцэстээ тэрбээр ялагдал хүлээсэн юм. 

Харин сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлсний дараа тус сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Б.Болор Ж.Соронзонг Монгол, Оросын хамтарсан III сургуулийн Захиргаа, аж ахуйн хэлтсийн менежерээр томилсон байдаг. Харин тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 17-ны /2024.04.17/ өдөр Ж.Соронзонг уг албан тушаалаас чөлөөлсөн аж. 

Гэтэл Ж.Соронзон нь тухайн албан тушаалдаа буцаж томилогдохын тулд Монгол, Оросын хамтарсан III сургуулийг хариуцагчаар татан шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан юм. 

Тэгвэл тус хэргийг шүүх хурал өчигдөр /2025.05.19/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд боллоо. Шүүхээс Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэй хэргийн зарим хэсгийг хангаж, заримыг нь хангахгүй орхисон байна. Тодотговол, Ж.Соронзонг Монгол, Оросын хамтарсан III сургуулийн Захиргаа, аж ахуйн хэлтсийн менежерээс чөлөөлснөөс үүдэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 24 сая төгрөгийг олгох шийдвэрийг гаргажээ. Харин түүнийг буцаж тухайн ажилд томилогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй орхисон байна. 

Товчхондоо, Ж.Соронзонг буцааж Монгол, Оросын хамтарсан III сургуулийн Захиргаа, аж ахуйн хэлтсийн менежерээр томилох боломжгүй гэж шүүх үзлээ.