Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин мэдээлэл өглөө.
ВИДЕО:
Тэрбээр, “Эдийн засгийг солонгоруулах аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгох, цаашлаад Монгол Улсад дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үүнтэй уялдуулан 2023-2028 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Энэ хүрээнд ажлаа эрчимжүүлэхээр төлөвлөж, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас тогтоол гаргалаа. Тодруулбал, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд бага, хүүтэй урт хугацаатай хөнгөлөлтэй зээл олгох суурийг тавьсан. Ингэхдээ зургаан жил хүртэлх хугацаанд зургаан хувийн хүүтэй зээл гаргахаар Засгийн газрын тогтоол гаргалаа. Бид 2023 он хүртэл 2 сая жуулчин хүлээж авах зорилт тавьж байгаа.
Ингэснээр Монгол Улсын ДНБ-ий 10 орчим хувийг аялал жуулчлалын салбараас бүрдүүлэх, цаашид эрчимтэй хөгжиж байгаа аялал жуулчлалын салбарыг олон улсад хөгжүүлэх боломжийг бий болгоно гэж харсан. Ингэхийн тулд энэ салбарт хөрөнгө оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Ингэхдээ ойролцоогоор 11 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзсэн. Үүнийг хийж гүйцэтгэхдээ томоохон дэд бүтцийн ажил хийж, нислэгийн тоог нэмэгдүүлэх, хот хоорондын дэд бүтцийг сайжруулах зэрэг төрийн зүгээс хийж хэрэгжүүлэх ажил их бий. Эхний ээлжинд бид өөрийн төсөвтөө тулгуурлан зээл гаргана. Цаашдаа энэхүү зээл нь тогтвортой тав орчим жил болж байж аялал жуулчлалын салбар хөгжих суурь болох юм. Ингэснээр ойролцоогоор 600 мянган жуулчныг нэмж оруулах, 1 орчим тэрбум долларын эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой" гэв.