“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлттэй холбоотойгоор маргааш зам хаана

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлттэй холбоотойгоор маргааш зам хаана

Жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлт маргааш буюу энэ сарын 24-ний бямба гарагт болно. 

2014 оноос эхлэлтэй энэхүү олон улсын уралдаанд 23 мянга гаруй гүйгч оролцохоор бүртгүүлээд байна. 0.5, 0.8, 1.5, 5.0, 10, 21, 42 км-ийн зайд болох энэхүү уралдаанд сонирхогчдоос гадна дотоод, гадаадын мэргэжлийн тамирчид оролцохоор мэдүүлэг ирүүлжээ. Марафоны хамгийн хол зай буюу 42 км-т 300 гаруй тамирчин бүртгүүлсний дотор Кени, Этиоп, Япон, ОХУ-ын тамирчид багтжээ. Энэхүү марафонд урилгаар Кенийн тамирчин Андерсон Серой Сайтоти Денис Киура Мугенди, Этиопийн тамирчин Дэвайт Гелэйв Энюйв, Японы тамирчин Икемото Ай, Сүзүки Мүнетака, ОХУ-ын тамирчин Вдовина Александра Михайловна оролцож аж.

Андерсон Серойн хувьд 31 настай бөгөөд 2:11.54 цагийн үзүүлэлт дунджилдаг. Ази тивд зохион байгуулсан олон улсан марафонуудаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. Түүнчлэн өнгөрсөн жил “Улаанбаатар марафон”-оос мөнгөн медальтай нутаг буцаж байсан юм. Харин Денис Киурагийн хувьд хамгийн сүүлд Вьетамны Хо Ши Мин хотод болсон олон улсын марафонд түрүүлсэн юм. Уралдааны 10, 21, 42 км-т эхний 10, таван км-т эхний тав, бусад зайд эхний гурван байрыг шалгаруулан алт, мөнгө, хүрэл медаль болон мөнгөн шагналаар шагнах аж. 

Маргааш тус марафонтой холбоотойгоор дараах байршилд 06-18 цаг хүртэл зам хаах болсныг Тээврийн цагдаагийн албанаас мөн анхааруулж байгаа юм. 

Хязгаарлалт эхэлж буй уулзвар болон замууд:

  • Цэцэг төвийн уулзвар,
  • Зоос гоёлын уулзвар,
  • Сансарын имартын уулзвар,
  • Бөхийн өргөөний уулзвар,
  • Зүүн 4 замын уулзвар,
  • Нарантуул захын уулзвар,
  • Өгөөмөр захын уулзварын нүхэн гарц,
  • Дүнжингаравын урд зам,
  • Улиастайн уулзвар,
  • Цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам,
  • Маршалын гүүрний хойд уулзвар,
  • Хоум плаза,
  • Гандигийн гудамж, Олимпийн гүүр,
  • Гадаад хэргийн яамын уулзвар,
  • Сүхбаатарын Талбай

Нийслэлийн биеийн тамир спортын газраас энэхүү арга хэмжээг зохион байгуулах бөгөөд иргэдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд цагдаагийн байгууллагаас дээрх хөдөлгөөний зохицуулалт хийхээр төлөвлөсөн байна.