Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охиндоо бэлэглэсэн байж болзошгүй тансаг бэлэг, хэрэглээ "хамтарсан Засгийн газрыг огцруулах" хэмжээнд хүрээд буй. Тэгвэл эл үйл явдал олон улсын томоохон хэвлэлүүдийн анхаарлын төвд ороод байна. Тухайлбал “France 24”, “Washington post” зэрэг томоохон хэвлэлүүд энэ талаар мэдээлж байна. Бид өмнө нь “Washington post” сонинд нийтлэгдсэн мэдээллийг орчуулан хүргэсэн. Уг мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл залуусын жагсаалын талаар "France 24" мэдээллийн агентлагт, “Далайд гарцгүй орны ардчилсан нийгэмд олон жилийн уур хилэнгийн эх үүсвэр болсон авлигын хэргээр Ерөнхий сайдыг огцрохыг шаардсан олон зуун монгол залуус энэ долоо хоногт тус улсын нийслэлд цугларлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь 2021 оноос хойш засгийн эрхийг барьж байгаа бөгөөд энэ үед Монгол Улс нь Транспэрэнси Интернэшнл байгууллагын авлигын төсөөллийн индексээрээ огцом унажээ. Улмаар Ерөнхий сайдын гэр бүлийнхэн төрийн албан хаагчийн хэмжээнээс илүү баялгийг эдэлж байна гэсэн мэдээлэл олон нийтийн дургүйцлийг төрүүлж байна. Тодруулбал, Ерөнхий сайдынх нь хүү найз бүсгүйдээ тансаг бэлэг барьсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж залуусын дургүйцлийг төрүүлсэн.
Харин үүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрс няцааж, "гүтгэлэг" гэж тайлбарлав.
Гэвч Сүхбаатарын талбайд Ерөнхий сайдыг огцрохыг шаардсан олон зуун залуучууд жагсаж байна. Жагсаалыг зохион байгуулж буй 24 настай О.Уламсайхан, “Ерөнхий сайд огцрох ёстой” гэж Франс Пресс агентлагт ярьжээ. Тэрбээр хэлэхдээ, “Бидний зорьж байгаа зүйл бол төрийн албан хаагчдын ёс зүйгүй үйлдэлд нь хариуцлага тооцож, огцроход хүргэдэг улс төрийн шинэ соёлыг бий болгох явдал юм. Мөн эдийн засаг, амьжиргааны өртөгтэй холбоотой асуудал иргэдийн уур хилэнг улам гүнзгийрүүлж байна” гэв.
Мөн Их сургуулийн нэгдүгээр курсын оюутан 19 настай О.Хулан “Залуус амьжиргаагаа залгуулахын төлөө зүтгэж байна. Гэтэл Ерөнхий сайдын хүү, түүний найз бүсгүй тансаг амьдралтай байгаа нь шударга бус хэрэг.
Залуучууд бол Монголын ирээдүй. Бид илүү сайн сайхны төлөө зогсох ёстой. Тийм учраас би жагсаалд ирж санал бодлоо илэрхийлэхийг хүссэн" гэж тэрээр тайлбарлав. Мөн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч "Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш амьдарч, орлогоо нотлох чадвартай байх ёстой. Авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлж, байгалийн асар их баялгаас олсон орлогыг илүү тэгш хуваарилах чиглэлээр Засгийн газар нь хүчин чармайлт гаргаж байгааг” гэдгийг онцоллоо.
Мөн Улаанбаатарын төв талбайд өөр нэгэн жагсаал зэрэг болсон бөгөөд дийлэнх нь ахимаг насны эсэргүүцэгчид Ерөнхий сайдыг дэмжиж байгаагаа илэрхийлж, түүнийг огцруулах нь юуг ч өөрчлөхгүй гэсэн байр суурийг илэрхийлжээ. 65 настай Д.Магсаржав “Франс Пресс” агентлагт өгсөн ярилцлагадаа, “Залуучууд Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж байна. Гэхдээ цаашдаа “яах вэ” гэсэн чухал асуулт гарч ирж байна. Дараагийн Ерөнхий сайдад илүү сайн нэр дэвшигч байхгүй гэж би бодож байна” гэсэн бол 63 настай Д.Оюунчимэг “Шүүмжлэх, огцруулах нь амархан. Харин ажлаа хийж, үр дүнд хүрэх нь хэцүү. Ерөнхий сайдыг дэмжиж байна. Тэр үүргээ биелүүлж байгаа” гэв. Харин жагсаалыг зохион байгуулагч Уламсайхан Оюун-Эрдэнийг огцрох хүртэл жагсаалыг үргэлжлүүлнэ гэж амласан” хэмээн уг нийтлэлд бичжээ.
Эх сурвалж: France 24