"Монгол Улс Өмнөд Хятадын тэнгис дэх Филиппиний эзэмшлийг хүлээн зөвшөөрсөн" гэх мэдээллийг ГХ-ны сайд Б.Батцэцэг үгүйсгэлээ

"Монгол Улс Өмнөд Хятадын тэнгис дэх Филиппиний эзэмшлийг хүлээн зөвшөөрсөн" гэх мэдээллийг ГХ-ны сайд Б.Батцэцэг үгүйсгэлээ

БНХАУ-ын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээнд "Монгол Улс Өмнөд Хятадын тэнгис дэх Филиппиний эзэмшлийг хүлээн зөвшөөрсөн" гэх агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн. Тэгвэл энэ талаар ГХ-ны сайд Б.Батцэцэг мэдэгдэл гаргажээ. 

Тэрбээр энэхүү мэдэгдэлдээ, "Энэхүү мэдээлэл нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Филиппин Улсад айлчлах үеэр гарсан хамтарсан мэдэгдлийн агуулгыг илт гуйвуулсан агуулгатай байна. Монгол Улс, БНФУ-ын хамтарсан мэдэгдлийн 12-р заалтад талууд Маргааныг эв зүйгээр шийдвэрлэх тухай Манилагийн тунхаглал, НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенцыг дагаж мөрдөхөө дахин нотлосон бөгөөд энэ нь Монгол Улсын эл асуудлаар баримталдаг маргааныг эв зүйгээр, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэхийг дэмжих, нутаг дэвсгэр, хил хязгаарын маргаантай асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байх зарчимтай бүрэн нийцэж буй болно. Олон улсын харилцааны дэг журамд гарч буй өөрчлөлт зэрэг тодорхой хүчин зүйлээс хамааран Монгол Улсын гадаад бодлоготой холбоотой ташаа мэдээлэл олон улсын хэвлэлээр гарах хандлага нэмэгдэж буй тул та бүхнээс албаны эх сурвалжид хандан мэдээллээ баталгаажуулж байхыг хүсье" гэжээ.