БНСУ-ын “Чонбук” Үндэсний их сургуульд уул уурхайн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамтран ажиллана

БНСУ-ын “Чонбук” Үндэсний их сургуульд уул уурхайн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамтран ажиллана

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагын төлөөлөл БНСУ-ын “Чонбук” Үндэсний их сургуулийн Гадаад харилцааны албаны дарга Жу Хуа Рим тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, уул уурхай, эрдэс баялгийн салбарт нэн шаардлагатай нарийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх, инженер, техникийн ажилчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Тус сургуулийн Гадаад харилцааны албаны дарга Жу Хуа Рим эрдэс баялгийн нөөцийн инженерийн чиглэлээр оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, шаардлагатай мэргэжлээр богино, дунд, урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн нэг жилийн хугацаатай Засгийн газрын бүрэн тэтгэлэг, бакалавр, магистрын 50 хувийн тэтгэлэгт хамруулахаас гадна судлаачдын баг ажиллуулж, харилцан туршлага судлах боломжтойг онцоллоо.

БНСУ-ын “Чонбук” Үндэсний их сургууль нь 78 жилийн түүхтэй, 250,000 гаруй төгсөгчтэй бөгөөд эрдэс баялгийн нөөц, уул уурхайн салбарын инженер техникийн чиглэлээр чадварлаг мэргэжилтэн бэлтгэдэг улсдаа тэргүүлэгч их сургууль юм.