Эх малын 73.4 хувь нь төллөж 17.7 сая төл хүлээн авсан байна

Эх малын 73.4 хувь нь төллөж 17.7 сая төл хүлээн авсан байна

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2025.05.28/-ийн хуралдаанаар Малын генетик нөөцийн төлөв байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон 2025 оны хаврын мал төллөлтийн дүн, мэдээний талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсож, байнгын хорооны тогтоолын төсөл баталлаа.

Монгол Улсын мал сүрэг 2024 оны жилийн эцэст нийт дүн 57.6 сая толгой тоологдсоны 4.7 сая нь адуу, 5.1 сая нь үхэр, 480.6 мянга нь тэмээ, 24.5 сая нь хонь, 22.9 сая нь ямаан сүрэг байна. Нийт мал сүргийн дотор хонь 42.5 хувь, ямаа 39.8 хувь, үхэр 8.8 хувь, адуу 8.1 хувь, тэмээ 0.8 хувийг эзэлж байна. Манай орны байгаль, уур амьсгалын онцлогт дасан зохицсон хонины 15 үүлдэр, 9 ямааны үүлдэр, үхэр тэмээний тус бүр 5 үүлдэр, адууны 3 үүлдэр батлагдаж сайжруулагч, үндсэн цөм сүргээр ашиглагдаж байна. Монгол Улсад өсгөн үржүүлж байгаа нийт мал сүргийн 96.2-99.7 хувийг манай улсын уугуул үүлдэр, омгийн мал, 0.3-3.8 хүртэл хувийг гадаад улсаас импортолсон цэвэр үүлдрийн болон тэдгээрээр сайжруулсан эрлийз мал эзэлж байна.

Монгол Улс малын генетикийн нөөцийн төлөв байдлын үнэлгээг олон улсын аргачлалын дагуу анх 2000 онд хийж, 2019-2020 онд шинэчлэн сайжруулж тайлагнасан ажээ. Манай улс нийт 26.7 сая хээлтэгч буюу төллөх насны малтайгаас 2024 онд хээлтүүлэгт оруулсан төллөвөл зохих 24.2 сая эх мал байна. Төллөвөл зохих эх малын 93.9 мянган толгой нь ингэ, 1.55 сая нь гүү, 1.91 сая нь үнээ, 10.90 сая нь эм хонь, 9.72 сая нь эм ямаа байна. 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийт төллөвөл зохих эх малын 73.4 хувь нь төллөж 17.7 сая төл хүлээн авч, 17.5 сая төл бойжиж, бойжилт 98.7 хувьтай байна.

Мал төлөлтийг бүсчилбэл баруун бүс 77.8 хувь, зүүн бүс 67.3 хувь, төвийн бүс 72.6 хувь, хангайн бүс 74.1 хувьтай үргэлжилж, энэ онд нийт 23.0 сая толгой хүлээн авах төлөвтэй байна. Ингэснээр зун, намрын улиралд нийт 80.6 сая толгойд хүрч мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээнд эерэг нөлөө үзүүлэхээр байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа.