УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Огцрох амархан" жагсаалын төлөөлөлтэй 16.30 цагаас Төрийн ордонд уулзахаар болсон байна. 2025 оны тавдугаар сарын 14-ний өдрөөс эхэлсэн тус жагсаал 16 дахь өдрөө үргэлжилж буй. Жагсагчдын зүгээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай тодорхой асуудлын хүрээнд 24 цагийн дотор уулзах шаардлагыг хүргүүлжээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан жагсагчдын хүсэлтийг хүлээн авч, төлөөллийг хүлээн авч уулзах болсноо зохион байгуулагчдад мэдэгдсэн байна. Тэрээр "Залуусыг шаардлагыг сонсож, санаа бодлыг нь хүндэтгэх нь зүйтэй" гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. "Огцрох амархан" жагсаалын төлөөлөл УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай хийх уулзалт дараах асуудлын хүрээнд өрнөнө хэмээсэн байна.
Үүнд:
1. УИХ нь Засгийн газарт хяналт тавих бүрэн эрхтэй институт болохын хувьд хяналтын механизмаа ажиллуулах
2. Иргэдийн дунд уур бухимдал үүсгээд буй асуудал нь хамтарсан Засгийн газрын асуудал бус Л.Оюун-Эрдэнэ хэмээх албан тушаалтны өөрийн хариуцлага хүлээх асуудал тул үүнийг засаглалын институт хоорондын асуудал болгож өргөжүүлэлгүй, тус албан тушаалтны өөрийнх нь хариуцлагын хүрээнд шалгах, хариуцлага тооцох
3. УИХ-д Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл боловсруулахдаа хамтарсан Засгийн газарт холбогдуулан томьёолсон нь асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс булзааруулсан шинжтэй байгааг анхаарч УИХ-ын дарга албан ёсны байр сууриа иргэдэд нээлттэй илэрхийлэх гэсэн асуудлууд багтаж байна. Уг уулзалтад хэвлэлийнхнийг оролцуулахгүй аж.