Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан иргэдийн “Огцрох Амархан” жагсаал өнөөдөр буюу тавдугаар сарын 29-ны өдөр 16 дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл өнөөдөр “Огцрох амархан” жагсаалын төлөөлөлтэй УИХ-ын дарга Д. Амарбаясгалан уулзлаа.
ВИДЕО:
Энэ талаар жагсагчдын төлөөлөл ярихдаа: УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай уулзах уулзалтад УИХ-д суудалтай таван намын төлөөлөл бүгд байлаа. Үүнийг зөв шийдвэр гэж үзэж байна. Бид өөрсдийн тавьж байгаа үндсэн гурван шаардлагаа танилцуулсан. Богино хугацааны огцролт гэдгээс гадна өргөтгөсөн шаардлагын хүрээнд урт хугацаандаа сөрөг хүчинтэй болгох, засаглалыг тогтвортой байлгах, хариуцлагатай байлгах гэх мэт шаардлагуудаа танилцуулсан. Энэ асуудал даваа гарагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор орно. Пүрэв гарагт УИХ-ын чуулганаар орно гэсэн. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "УИХ хамтын шийдвэр гаргадаг учраас "Парламентын институцид итгэ" гэдэг байр суурийг бидэнд илэрхийллээ.
-ЖАГСАГЧДЫН ТАВЬСАН ГУРВАН ШААРДЛАГЫН ХОЁР НЬ БИЕЛЭЭД БАЙНА-
Өнөөдрийн жагсаалын ард ямар нэг улстөрийн зорилго байхгүй. Үүнд олон нийт болоод хэвлэл мэдээллийн хэрэгслүүд итгэж байгаа болов уу. Бидний анхны тавьсан шаардлагууд хэвээрээ байгаа.
Бид хамтарсан засгийн газрыг дэмжихгүй гэдэг шаардлага тавьж байсан. Өнөөдөр Ардчилсан нам засгаас гарч сөрөг хүчнээр ажиллах шийдвэр гаргаад байна. Мөн бид Үндсэн хуульд өөрчлөлт хийж болохгүй гэдэг шаардлага тавьж байсан. Ерөнхийлөгч үүн дээр энэ хугацаанд хоёр ч удаа мэдэгдэл гаргаад байна. Тэгэхээр жагсагчдын тавьсан гурван шаардлагын хоёр нь биелээд байна.
Одоо бидний эхний шаардлага буюу Л.Оюун-Эрдэнэ "Орлогоо нотло", "Огцрох амархан" гэдэг шаардлага ирэх долоо хоногийн пүрэв гарагт тодорхой болохоор байна.