"Л.Оюун-Эрдэнийг албан тушаалд нь үлдээе" гэж УИХ-ын 65 гишүүн дэмжвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "хориг" тавьж магадгүй

"Л.Оюун-Эрдэнийг албан тушаалд нь үлдээе" гэж УИХ-ын 65 гишүүн дэмжвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "хориг" тавьж магадгүй

Ерөнхий сайдын хүү, бэрийн тансаг хэрэглээнд бухимдсан иргэд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлоод, огцрохыг шаардаж жагсаад 14 хоног өнгөрч байна. 

Гэтэл энэ хугацаанд “АН-ыг Засгийн газраас хасах” МАН-ын улс төрийн шийдвэр гарч, “Өргөдлөө өгөөд” УИХ-ын гишүүдийн “ердийн олонх”-ын саналаар шийдүүлж болох байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн асуудал Үндсэн хуульд заасны дагуу “Итгэл хүлээлгэх” болон хувирч, парламентын гишүүдийн “энгийн олонх” буюу 65 гишүүнийн саналаар “үлдэх” эсвэл “огцрох” нь шийдэгдэх болоод байна. 

-УИХ-ЫН ШИЙДВЭРТ "ХОРИГ ТАВИХ" НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОГДСОН ЭРХ-

Тодруулбал,  “Баялагийн сан, 14 мега төсөл зэргийг дэмжиж, Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх” тухай Л.Оюун-Эрдэнээс УИХ-д хүргүүлсэн тогтоолын төслийг ирэх долоо хоногийн Даваа гараг /2025.06.02/-т Төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/-оор хэлэлцэгдээд Пүрэв гараг /2025.06.05/-т УИХ-ын чуулган эцэслэнэ гэсэн байна.

Харин байнгын хорооноос “итгэл хүлээлгэх” тогтоолын төслийг “дэмжье” саналын томьёоллоор уу, эсвэл “дэмжихгүй” гэсэн саналын томьёоллоор УИХ-ын чуулганд оруулах уу гэдэг нь анхаарал татаж байна. Иймд ТББХ-ны томьёолол тодорхой болсны дараа УИХ дахь намын бүлгүүд уг асуудал дээр байр сууриа нэгтгэж магадгүй байна. Учир нь Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тогтоолыг “дэмжье” гэсэн байнгын хорооны саналыг “дэмжье” гэдгээр УИХ-ын чуулганд санал хураахад парламентын гишүүд будилахгүй, харин тогтоолыг “дэмжихгүй” гэсэн саналыг “дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураавал УИХ-ын гишүүд будилж, буруу санал өгөх магадлалтай.

Тэгвэл “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх” тогтоолыг УИХ-ын 65 гишүүн дэмжээд түүнийг албан тушаалд авч үлдсэн тохиолдолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тогтоолд “хориг” тавьж магадгүй юм. 

Энэ талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 33.1.1-д “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” гэж заажээ. 

-"Л.ОЮУН-ЭРДЭНЭД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ" ЭСЭХ АСУУДЛЫГ УИХ-ААР ХЭЛЭЛЦЭХ ҮЕЭР ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЧУУЛГАНЫ ТАНХИМД СУУЖ БАЙЖ МАГАДГҮЙ-

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногийн эхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дуудаж уулзаад "Өөрөө өргөдлөө өгчих. Танай Засгийн газар нийгмийн дэмжлэггүй байна" гэсэн гэдэг. Харин МАН-ын Бага хурал дээрээ Л.Оюун-Эрдэнэ "АН гэрээгээ ноцтой зөрчсөн. Тэдэнтэй хамтрахгүй гэвэл би ёс зүйн хувьд ажлаа өгөх ёстой" гэж мэдэгдсэн байгаа юм. Гэсэн хэдий ч өдгөө Л.Оюун-Эрдэнэ “14 мега төсөл зэргийг дэмжиж, надад итгэл хүлээлгээч" гэж УИХ-д хандаад байна. Товчхондоо тэрбээр, "УИХ-д хэн нь олон кноптой вэ гэдгээ тоолъё" гэж байх шиг байгаа юм.

Сүүлийн 10 хоногийн хугацаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Парламентын засаглалаас ухрахгүй” гэж хоёр ч удаа мэдэгдээд байна. Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй байх Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээрээ байгаа” гэж мэдэгдсэн.

Харин өчигдөр өглөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн албан ёсны цахим хуудастаа, “…Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй гэдгээ урд өмнө илэрхийлж байсан. Одоо ч энэ байр суурь огт өөрчлөгдөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. …Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдлийг хангах язгуур эрх ашгийн тусын тулд цаашид ч Монгол Улс парламентын засаглалаа улам бэхжүүлж, ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх ёстой гэж төрийн тэргүүний хувьд үздэг” гэж мэдэгдсэн. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг мэдэгдлээрээ, “Монгол Улс бол Үндсэн Хуульд заасны дагуу парламентын засаглалтай орон. Монгол Улс парламентын засаглалаа улам бэхжүүлж, ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх ёстой. Миний бие Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ч энэхүү байр сууриа олон нийтэд нээлттэй ил тод илэрхийлж байсан” гэж онцолсон байгаа юм.

Харин сүүлийн үед парламент нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хуулийн хэлтэс шиг ажиллаж, парламентын гишүүд нь уг хэлтсийн ажилтан шиг болсон гэж шүүмжлэл гарах болсон.

Энэ нь Монгол Улсын ардчиллын индекс унаж, автократ засаглалтай зургаан улсын нэг болоход нөлөөлсөн байж магадгүй гэх шүүмжлэл ч нийгэмд гараад байгаа. Энэ бүхэн бол сүүлийн 5 жилийн хугацаанд ажилласан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ч холбоотой байж магадгүй. Иймд “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх” эсэх асуудлыг парламентаар хэлэлцэж, санал хураах үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы танхимд ч сууж байж ч магадгүй юм.