Б.Болор-Эрдэнэ: Орлогоо ч нотолж чадахгүй байгаа хүн “14 мега төслийг хэрэгжүүлэхэд итгэл үзүүлээч” гэж байгаа нь улс төрийн хурцадсан гажуудал

Б.Болор-Эрдэнэ: Орлогоо ч нотолж чадахгүй байгаа хүн “14 мега төслийг хэрэгжүүлэхэд итгэл үзүүлээч” гэж байгаа нь улс төрийн хурцадсан гажуудал

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охиндоо бэлэглэсэн байж болзошгүй тансаг хэрэглээ иргэдийн бухимдлыг өдөөж, улмаар түүнийг орлогоо нотлоод, огцрохыг шаардсан. Харин энэхүү асуудал явсаар Ардчилсан намыг Засгийн газраас хасах, “Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх” гэсэн Үндсэн хуулийн зохицуулалт руу яваад ирлээ. Учир нь “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад буй. Үүнийг ирэх долоо хоногийн пүрэв гарагт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх төлөвтэй байна. Тэгвэл бид энэ асуудалтай холбогдуулан нийтлэлч Б.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.

ВИДЕО:

-ХӨРӨНГӨ ОРЛОГОО НОТОЛЖ ЧАДАХГҮЙ, БҮТЭЦ АВЛИГАЖСАН, УЛС ТӨР ИЛ ТОД БУС БАЙГАА ИЙМ НӨХЦӨЛД МЕГА ТӨСӨЛ УГААСАА ЯРИГДАХГҮЙ-

-Ерөнхий сайдыг орлогоо нотлох, ёс зүйн хариуцлага хүлээхийг шаардсан энэ асуудал засаглалын хямрал болох шинжтэй болоод ирлээ. Эхлээд МАН-ын Бага хурал, дараа нь УИХ-аар хэлэлцүүлэх нь. Учир нь Ерөнхий сайд “итгэл үзүүлээч” гэсэн тогтоолын төслийг өргөн бариад байгаа. Тогтоолын төслийг харвал томоохон төсөл хөтөлбөрүүдээрээ халхавчлаад Ерөнхий сайдын суудалдаа л сууж үлдэх гэж хичээж байгаа мэт харагдаж буй. Та тэр тогтоолын төсөлтэй танилцав уу. Таны байр суурь ямар байна вэ?

-Танилцсан. Ер нь 14 мега төсөл нэртэй болгож багцлаад үзэл суртал хийгээд байгаа болохоос биш энэ бол төрийн хөрөнгө оруулалтын доор явдаг, “төрийн зарцуулалтаар эдийн засгийн өсөлтийг нэмэх” гэсэн урсгалд хамаардаг. Үүний дотор нэг том болзол байдаг нь томоохон төсвийн тэлэлт хийхэд  хамгийн эхний онолын үндэслэлийн нэг нь ёс зүйн шаардлага. Өөрөөр хэлбэл хөрөнгө орлогоо нотолж чадахгүй, бүтэц өөрөө авлигажсан, улс төр ил тод бус байгаа ийм нөхцөлд мега төсөл угаасаа яригдахгүй. Орлогоо нотлохгүй хүнээр нэг ширхэг байтугай 14 мега төсөл хэрэгжүүлнэ гээд “итгэл үзүүлнэ үү” гэж оруулж ирж байгаа нь манай улс төрийн гажуудлын хамгийн хурцадсан хэлбэр гэж харж байгаа.

-Нэг хүн л явчихвал бүх төсөл хөтөлбөрүүд нь зогсчих юм шиг зүйлийг иргэдэд яриад байна. Үүнийг та хэрхэн харж байна?

-Гэхдээ мега төсөл улс орондоо хэрэгжүүлье гэж бодоход тухайн Засгийн газрыг хэн тэргүүлэхээс үл хамаараад Монгол Улсад явагдсаар ирсэн, цаашид явагдсаар байх ийм л процесс шүү дээ.

Санаж байгаа бол Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа “Том төсөл” гэж нэрлээд улс орон даяар санал асуулга авч байсан. Социализмын үед ч хийж байсан. Үндсэн хуульдаа бүр газрын баялгийн хэмжээнд тодорхойлоод заагаад өгсөн байгаа. Үүнийг нэг л хүн мэдэж хэрэгжүүлж, нэг л хүн авч явах ёстой юм шиг найруулга хийгээд байгааг хамгийн гол нь бүгд л ойлгож байна шүү дээ. Сангийн бодлого гэж нэрлэгддэг төсвийн арга хэрэгслийг бүгдийг нь нэг нэрийн дор үзэл суртал болгож хувиргаад үүний ард өөрийнхөө хувийн, хөрөнгө орлогын, эсвэл Засгийн газрын бүх асуудлыг нуугаад, үүндээ бүхий л нам, засаг, олон нийт, хэвлэл мэдээлэл, зарим институцыг хүртэл татан оролцуулж, холион бантан хутгасан зүйлийг гол нь олон нийт ойлгоод байна шүү дээ.

-ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИЖ ХАМТАРСНААС БОЛЖ УИХ НЬ ЗАСГИЙН ГАЗРААС ХАРААТ БАЙДАЛТАЙ БОЛСОН. УГ НЬ ҮҮНИЙГ ХЯНАЖ БАЙХ ЁСТОЙ ГАЗАР НЬ ЦЭЦ-

-Хамтарсан Засгийн газар л байхгүй бол төсөл хөтөлбөрүүд огт явахгүй гэсэн санаа ч явж байгаа. Мөн УИХ томоохон төсөл хөтөлбөрүүдийг нэгэнт дэмжээд, итгэл үзүүлчихсэн байхад ахиад “итгэл үзүүлээч” гэж оруулж ирж байгаа нь ер нь хуульд болоод улс төрийн зарчимд хэр нийцэж байгаа юм бэ?

-Хууль тогтоох байгууллагууд бүгд Үндсэн хуулийнхаа хэм хэмжээнд ажиллаж байна уу. Хамтарсан Засгийн газар ч өөрөө Үндсэн хуулийн дагуу юу гэсэн асуулт гарч ирнэ. Угаас Засгийн газарт дэмжлэг үзүүлж байгаа УИХ-д эргүүлээд “дэмжээч, итгээч” гэсэн асуудал оруулж ирж болох юм уу гэх мэт хувь хүрээнийн шатнаас эхлээд улсын томоохон институц гээд олон давхар асуудал болж хувиргаад байна шүү дээ. Эцсийн дүндээ өнөөдөр ардчиллын процесс, олон нийтийн санал, төлөөлөл гэх мэт систем нь УИХ дээр л зангидагдаж байгаа. Гэтэл УИХ нь Засгийн газраас хараат байдалтай болчихлоо. Тэр нь Засгийн газар өөрөө Үндсэн хуулийн бусаар хамтарснаас болж байгаа шүү дээ. Тэгээд тэр тогтоол дотор нь хамтарсан Засгийн газар гэдэг нэршил нь яввж байгаа байхгүй юу.

Уг нь үүнийгээ манаж байх ёстой газар манай систем дотор байгаа. Тэр нь Үндсэн хуулийн цэц. Цэц дүгнэлтээ хийх ёстой.

Би бол жишээ нь цэцийг улс төрөөс хамааралтай гэж харж байгаа. Жишээ нь цэцийг ахалж байгаа Г.Баясгалан гэдэг дарга өмнө нь ЗГХЭГ-ын дарга байсан хүн. Тэгэхээр өмнө дэд дарга нь байсан хүн цэц тэргүүлж оронгуутаа Засаг тэргүүлж байгаа Ерөнхий сайдынхаа Засгийн газар дээр дүгнэлтээ үйлдэж өгөхгүй байна. Манай төр улсад хууль ёсныхоо дагуу ажлаа гүйцэтгэж байгаа газар гэж байхгүй боллоо. Засгийн газар нь өөрөө пи-арын агентлаг шиг, УИХ түүнийх нь нэг үзэл суртлын тасаг шиг, цэц нь түүнийгээ хамгаалаад дөмбийгөөд байдаг. Юу ч гэсэн ийм байдалтай байгаа гэдгээ иргэд өөрсдөө мэдээд, яриад, эсэргүүцэл илэрхийлж байгаа нь үр дүнгээ өгнө л гэж бодож байгаа.

-Тэгвэл энэ гажуудлыг хэрхэн засах ёстой вэ?

-Манай улс зах зээлийн эдийн засаг гэдэг үгээр эхний 20-оод жил түлхүүр үг хийж ирсэн. Жишээлбэл М.Энхсайханы шинэчлэлийн үед бүтцийн хөтөлбөрийг дэлхийн банк, олон улсын валютын сангаас аваад, алдаатай оноотой ч гэсэн өмч хувьчлал хийсэн. Энэ нь Хятадын хөгжлийг дагаад манай улсын нүүрсний экспорт арай нэмэгдэж, төсөв харьцангуй мөнгөтэй болж байсан үеэс эхлээд  буцаад ухрах араандаа хийсэн. Сүүлийн 10 гаруй жил улсын бүх нөөц төрд зангидагдаж байна, бүх компаниуд төсвөө тойрч эргэлддэг угжны тугал шиг боллоо. Бид анх хийж эхлүүлэх гээд явж байсан тэр үе рүүгээ бодлогоо бариад явах ерөнхий сайдтай хэзээ болох вэ. Харин өнөөдөр болж байгаа процесын хувьд манай улс урьд өмнө нь орж байгаагүй нэг сонин түгжээнд орчихлоо шүү дээ. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийнхаа 126 суудалтай парламентын ажиллагааг аль болох чадах чинээгээрээ зүй ёсных нь хэлбэрт оруулж ажиллуулахын тулд эхний ээлжинд АН засгаас гарна гэснээрээ гарах хэрэгтэй. МАН тодорхой хэмжээнд эрх барих намынхаа хувьд цэгийг хатгасан шийдвэрээ гаргасан байгаа. Сонгуулиар МАН 67 хувьтай ялсан. Тэгэхээр эрх барих нам ард түмэнд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд иргэдэд хүлээн зөвшөөрүүлсэн гэж үзвэл түүнийгээ хэрэгжүүлэх багаа өөрсдөө байгуулаад явах нь хамгийн эхний алхам. Тэгэхээр сөрөг хүчин өөрөө ажлаа хийгээд эхлэхээр огт өөр болно.

-ЭДИЙН ЗАСАГТ ИЛҮҮ РАЦИОНАЛЬ ХАНДДАГ ЕРӨНХИЙ САЙДТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ-

-Танаас эдийн засгийн процесс талаас нь өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд ажлаа хэр хийсэн талаар нь асуумаар байна. Учир нь зах зээлийн эдийн засаг хумигдаж, бүх зүйлийг төр мэддэг, бүх зүйл рүү төр ордог болсон мэт харагдаад байгаа юм л даа.

-Нийгэмд нэг санааг дахин дахин давтаж өгсөөр байгаад нийгмийн бодож сэтгэж байгааг кодлоод байгаа зүйлийг тархи угаалт гээд байгаа шүү дээ. Өнгөрсөн жил ямар тархи угаалт явсан бэ гэхээр ерөөс хамтарч байж л улс орон хөдөлдөг юм гэсэн. Гэтэл хамтарсан Засгийн газар байгуулаад улс орон урд хожид байгаагүй зогсонги байдалд орчхоод байна. Өмнө нь цэнхэр, улаан гээд хуваагдаад маргалдаад явж байхдаа үндэсний эрх ашиг яригдахад нийлээд л явж байсан. Жишээ нь мега төсөл нь тийм ч шинэ үзэгдэл биш. Тодорхой хэмжээнд туршлага хуримтлуулсан. Манайхаас илүү илүү технологи, хүний нөөц, ажиллах хүчний том баазтай орнуудад хүртэл мега төслүүдэд 80-90 хувьд нь зардал хэтрэлт, цаг хугацаа сунжрах явдал гардаг. Гэтэл Монголын нийгэм эдийн засагт хэрэглэгдэж байх ёстой түүхийн эдийн экспортын орлогыг Хятадын компаниудад эргүүлээд бартердаж байгаа хэлбэр. Бидэнд эцэг өвгөдөөс өвлөгдөж ирсэн газар нутгийг урагш нь экспортлоод, түүнээсээ олсон орлогоор Хятад ажилчид хөлслөөд, тэд нар нь монголд орж ирж мега төсөл нэртэй 14 төслийг хэрэгжүүлэх гэж байна. Энэ бол манай улсын эдийн засагт байж болохгүй зүйл. Манай улсын эдийн засаг үүнийг тээж авч явж чадахгүй. Ийм том хэмжээний мега төслүүд хэрэгжвэл жил бүрийн төсөвт асар их дарамт учруулна. Гэтэл энэ дунд иргэд хаана байна, жижиг бизнесүүд буюу зах зээлийн орон зайг төрийн, төсвийн хөрөнгө оруулалтын ажлууд шахаж гаргах ийм процесс явж байна. Монголын заяа, халхын заяа их бол энэ 14 мега төсөл бүтэн хэрэгжиж эхлэхээсээ өмнө мөн УИХ-д эдийн засгийн наад захын мэдрэмж байвал болих хэрэгтэй. Шийдвэрээ гаргах хэрэгтэй. Тэгээд эдийн засагт рациональ ханддаг Ерөнхий сайдтай болох хэрэгтэй байна.

Ерөнхий сайд өнгөрсөн дөрвөн жил өөрийн сайндаа тогтсон уу, муудаа тогтсон уу гэдэг нэг асуудал бий. Эдийн засаг талаасаа түүхий эдийн өсөлтийн маш урт цикль үргэлжиллээ. Энэ циклийг би хувьдаа хүн рүүгээ чиглүүлж чадаагүйд маш их харамсаж байгаа.

Улс төр талдаа ч өөрийн сайндаа биш. Нэгдүгээрт Үндсэн хуулиар хамгаалагдаж байгаа. Хоёрдугаарт, өөрөө өнгөрсөн жилийн сонгуулийн дараа хамтарсан Засаг байгуулаад ард түмний сонголтыг дээрэмдчихлээ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр сөрөг хүчнийг хажуудаа аваад, ингэхдээ үйлдвэрлэж болох бүх албан тушаалыг үйлдвэрлээд түүндээ улсын төсвийг зарцуулаад цалин тавиад байна. Тэгэхээр сөрөг хүчинтэй байх, хяналттай байх, эрүүл засаглалтай байх боломжийг монголчуудын төлсөн татварын мөнгөөр санхүүжүүлээд яваад байгаа хэлбэр. Харин өөрийн хүчээр оршин тогтнож байгаа Ерөнхий сайд ийм зүйл хийх хэрэг байхгүй байсан. Өөртөө бүрэн итгэлтэй бол намаасаа кабинетээ байгуулаад, шүүмжлэл хүлээж аваад, хүлээн зөвшөөрүүлээд л яваж байх ёстой шүү дээ. Одоо Засгийн газар олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн чадвар гэдгээр уначихсан байгаа. Гэтэл УИХ энэ удаа оруулж ирж байгаа тогтоолыг нь баталчихвал Засгийн газрын араас орох нь байна шүү дээ. Ингэвэл ард түмэн УИХ бол бид нарын төлөөлөл биш байна гэж бодно. Улмаар 2017 оны үед л иргэд 70 хувьтай дэмжиж байсан Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих бодол улам батаждаг юм байгаа биз дээ. Тэгэхээр Засгийн газар засаглалын асуудал ярих гээд байгаа бол өөрсдөө УИХ-ыг хямрал руу чирж байна. Би хувьдаа үүнийг зориудаар гэж харж байгаа.




Өнөөдөр хулгана өдөр

13 минутын өмнө