Японы спортын томоохон мэдээллийн хэрэгслүүдийн нэг болох "Sponichi Annex" өнөөдөр /2025.05.30/-ийн мэдээлэлд, "Сүмогийн домогт аварга асан Хакүхо М.Даваажаргал Японы Сүмогийн Холбоонд албан ёсоор ажлаасаа гарах хүсэлтээ өгсөн байна" гэж мэдээлжээ.
Хакүхо М.Даваажаргал энэ тухайгаа өчигдөр /2025.05.29/ Японы Сүмогийн Холбоонд мэдэгдсэн бөгөөд одоогоор тус холбоо түүний өргөдлийг хүлээн аваагүй, харин Даваа гараг /2025.06.02/-т товлогдоод буй удирдах зөвлөлийн хурлын үеэр энэ асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хакүхо М.Даваажаргалын хатуу шийдвэр гаргасан бөгөөд Японы Сүмогийн Холбооны хүмүүс түүнд ямар нэгэн ятгалга үзүүлэх нь үр дүнд хүрэх магадлал бага байгаа ажээ.
Японы зарим хэвлэлүүд М.Даваажаргалын уг шийдвэрт нөлөөлсөн гол шалтгаануудын нэг нь Исегахама дэвжээг удирдаж буй ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон түүний хоорондын харилцаа муу байсан явдал гэж үзэж байна. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нь сүмогийн карьер болон дасгалжуулагчийн туршлагаараа М.Даваажаргалаас дутуу тул, түүний удирдлага дор ажиллахыг хүсээгүй бололтой. Мөн М.Даваажаргал ирэх сарын 3 /2025.06.03/-нд Улаанбаатар хотод болох Жигжидийн Мөнхбатын дурсгалын арга хэмжээнд оролцохоор Японоос гарахаар төлөвлөөд байгаа аж.