Ерөнхий сайдаар 5 дахь жилдээ ажиллаж байгаа Л.Оюун-Эрдэнийн хүү, бэрийн тансаглал хүмүүсийн бухимдлыг өдөөж, орлогоо нотлоод “Огцрох амархан” хэмээн иргэд шаардаад 20 орчим хонож байна.
Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өдийг хүртэл орлогоо нотлоогүй байгаа төдийгүй “өргөдөл”-өө өгөөд албан тушаалаасаа чөлөөлөгдөж болох байсан ч, тэрбээр МАН-ын Бага хурлаа хуралдуулж, АН-ыг Засгийн газраас хасах шийдвэрийг гаргуулж, улмаар “14 мега төсөл зэргийг минь дэмжиж, надад итгэл хүлээлгээч” гэсэн тогтоолыг төслийг УИХ-д хүргүүлж, Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын гишүүдийн энгийн олонх буюу 65 гишүүний дэмжлэгийн авч, албан тушаалдаа үлдэж магадгүй байна.
-ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 12:00 ЦАГТ ХУРАЛДАЖ "Л.ОЮУН-ЭРДЭНЭД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ" АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ-
Үндсэн хуулийн 44.1-д "Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ" гэж заасан. Иймд даваа гараг /2025.06.02/-т Төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/, УИХ дахь намын бүлгүүдээр хэлэлцэгдээд, пүрэв гараг /2025.06.05/-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хурлаар эцэслэгдэнэ хэмээн төсөөлж байсан ч өнөөдөр /2025.06.02/ “Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудал”-ыг эцэслэхээр болсон байна.
Тодруулбал, өнгөрөгч баасан гараг /2025.05.30/-т болсон УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар “өнөөдрийн 14:00 цагт парламентын чуулганыг зарлаж, “Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх” эсэх асуудлыг хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэхээр тогтсон байна. Мөн уг асуудлаар УИХ дахь намын бүлгүүд засварлаг хүсвэл 1 цагийн л завсарлага өгнө гэдгийг албан бусаар анхааруулсан байгаа юм.
Тэгвэл өнөөдөр 12:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/-ны хурлаар “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх” тогтоолын төслийг хэлэлцэх гэж байна.
Уг байнгын хорооноос “Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх” тогтоолын төслийг “дэмжье” саналын томьёоллоор уу, эсвэл “дэмжихгүй” гэсэн саналын томьёоллоор УИХ-ын чуулганд оруулах уу гэдэг нь анхаарал татаж байна. Учир нь Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тогтоолыг “дэмжье” гэсэн байнгын хорооны саналыг “дэмжье” гэдгээр УИХ-ын чуулганд санал хураахад парламентын гишүүд будилахгүй, харин тогтоолыг “дэмжихгүй” гэсэн саналыг “дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураавал УИХ-ын гишүүд будилж, буруу санал өгөх магадлалтай.
-"Л.ОЮУН-ЭРДЭНЭД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ" АСУУДАЛД УИХ-ЫН ГИШҮҮДИЙН САНАЛЫГ НУУЦААР АВЧ МАГАДГҮЙ БАЙНА-
Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/-ны 25 гишүүнтэй бөгөөд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд болон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мөн Засгийн газрын ихэнх гишүүд гээд парламентад нөлөө бүхий гишүүд харьяалагдаж байна. Нөгөөтэй, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэмжлэг, нөлөөгөөр УИХ-ын гишүүн болсон Э.Болормаа, О.Номинчимэг нар ч ТББХ-ны гишүүнээр ажилладаг байна.
Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд;
- Ж.Бат-Эрдэнэ /ТББХ-ны дарга/ -МАН
- Д.Амарбаясгалан /УИХ-ын дарга/ -МАН
- С.Амарсайхан /Засгийн газрын гишүүн/ -МАН
- Б.Баярбаатар /УИХ-ын гишүүн/ -МАН
- Э.Болормаа /УИХ-ын гишүүн/ -МАН
- С.Бямбацогт /Засгийн газрын гишүүн/ -МАН
- С.Зулпхар /УИХ-ын гишүүн/ -МАН
- Л.Мөнхбаатар /МАН-ын бүлгийн дарга/ -МАН
- О.Номинчимэг /УИХ-ын гишүүн/ -МАН
- Л.Оюун-Эрдэнэ /Ерөнхий сайд/ -МАН
- Ц,Сандаг-Очир /УИХ-ын гишүүн/ -МАН
- Н.Учрал /Засгийн газрын гишүүн/ -МАН
- Л.Энх-Амгалан /Засгийн газрын гишүүн/ -МАН
- О.Алтангэрэл /Засгийн газрын гишүүн/ -АН
- Ж.Баярмаа /УИХ-ын гишүүн/ -АН
- Л.Гантөмөр /АН-ын дарга, Засгийн газрын гишүүн/ -АН
- Э.Одбаяр /Засгийн газрын гишүүн/ -АН
- Б.Пүрэвдорж /УИХ-ын гишүүн/ -АН
- Ц.Туваан /Засгийн газрын гишүүн/ -АН
- О.Цогтгэрэл /АН-ын бүлгийн дарга/ -АН
- Ө.Шижир /УИХ-ын гишүүн/ -АН
- Б.Батбаатар /УИХ-ын гишүүн/ -ИЗНН
- Т.Доржханд /ХҮН намын дарга, Засгийн газрын гишүүн/ -ХҮН нам
- Г.Уянгахишиг /УИХ-ын гишүүн/ -ХҮН нам
- Н.Номтойбаяр /УИХ-ын гишүүн/ -Үндэсний эвсэл
Энэ бүхнээс харахад, "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх" тогтоолын төсөл Төрийн байгуулалтын байнгын хороон дээр дэмжигдэж магадгүй байна. Ийнхүү байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэн тохиолдолд “дэмжье” гэсэн байнгын хорооны саналыг “дэмжье” гэсэн томьёоллоор УИХ-ын чуулганд санал хураах юм.
Харин эрх баригчид УИХ-ын гишүүдийн саналыг "нууц"-аар хураах лоббиг хийж, нууц санал хураалтыг битгий эсэргүүцээрэй хэмээж байж магадгүй байна.
Учир нь МАН-ын Бага хурлаас "АН-ыг Засгийн газраас хасах" шийдвэр гаргасан нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн огцрох гол үндэслэл нь болоод байгаа. МАН-аас УИХ-д сонгогдсон 68 гишүүн намынхаа Бага хурлын дээрх улс төрийн шийдвэрийг дагах ёстой. Харин саналыг нууцаар авах нь "санал нуух арга" бөгөөд УИХ-ын гишүүдийн хэн нь "дэмжсэн", "дэмжээгүй" санал өгсөн гэдгийг олон нийт мэдэх боломжгүй. Иймд МАН-ын Бага хурлын шийдвэрийг сөрж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг албан тушаалд нь үлдээхийн тулд УИХ-ын гишүүдийн саналыг уг асуудал дээр нууцаар авч магадгүй юм.