Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа байр сууриа илэрхийлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуулт асууллаа. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Аливаа албан бичигт заавал хуулийн үндэслэх хэсэг гэж байдаг. Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх хүсэлтэд ямар нэгэн хуулийн үндэслэлийг би олж харахгүй байна. Доторх агуулгыг нь уншихаар Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлийн 1 хэсгийг үндэслэж байгаа мэт харагдаж байна. Гэхдээ тус хуулийн заалтад Ерөнхий сайдад улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар итгэл хүлээлгэх эсэх асуудлыг оруулна гэж заасан байдаг. Тэгэхээр танаас бодлого хэрэгжүүлэхэд ямар асуудал тулгамдаад итгэл хүлээлгэхийг хүсэж байгаагаа тайлбарлана уу" гэлээ.
ВИДЕО:
Харин Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Огцрох амархан. Надад албан тушаалтай зууралдаад байгаа юм алга. Огцорсны дараах үр дагавар олон сорилттой нүүр тулна. Асуудалтай нүүр тулаад байнга огцроод байдаг болчихвол гүйцэтгэх засаглал, цаашлаад парламентын засаглал дээр эрсдэл үүсэхээр байна. Түүнээс биш намайг албан тушаалтай зууралддаг, Ерөнхий сайдын суудалд дуртай хүн гэж хэлж болохгүй" гэв.