Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэлээ. Санал хураалтыг нууцаар, цаасаар явуулав.
Санал хураалтад 82 гишүүн оролцсоноос 44 нь буюу 53.6 хувь нь тогтоолын төслийг дэмжжээ. Харин 38 гишүүн зөвшөөрөхгүй гэсэн санал өгчээ. УИХ-ын дэгийн тухай хуульд нийт гишүүдийн олонх буюу 64 гишүүн дэмжсэнээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ итгэл үзүүлэх байсан. Тиймээс 44 гишүүн дэмжсэн учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцлоо.
Түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлыг чуулганаар хэлэлцэхээс өмнө АН-ын сайд нар Хамтарсан Засгийн газраас гарч буйгаа мэдэгдсэн байдаг. Үйл явдлыг эргэн сануулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охиндоо бэлэглэсэн тансаг бэлэг, нисдэг тэрэг хөлөглөн Булган аймагт байрлах маш үнэтэй амралтын газрыг түрээслэн гэрлэх санал тавьсан гэх мэдээлэл нийгмийн анхааралд орж, улмаар иргэд орлогоо нотлохыг шаардаж, Л.Оюун-Эрдэнийг эсэргүүцсэн "Огцрох амархан" жагсаалыг Төв талбайд зохион байгуулж байгаа.
Үүнтэй холбоотойгоор МАН-ын Бага хурал хуралдаж, улмаар хамтарсан Засгийн газрыг байгуулсан тогтоолыг хүчингүй болгож, Ардчилсан намыг Засгийн газраас гаргасан. Гэсэн ч тэрбээр "Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх" тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьснаар уг асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн юм.