ФОТО: “ДЦС-3”-ын ганц шинэ генератор нь дэлбэрч, засварлах боломжгүй болсон тул Улаанбаатар ирэх өвөл хөлдөх эрсдэлд орлоо

ФОТО: “ДЦС-3”-ын ганц шинэ генератор нь дэлбэрч, засварлах боломжгүй болсон тул Улаанбаатар ирэх өвөл хөлдөх эрсдэлд орлоо

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд энэ сарын 1-2-нд шилжих шөнө гал гарч, тухайн үед тус газарт ажиллаж байсан инженер, 47 настай эрэгтэй Д.Х осолд өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Мөн тус цехэд ажиллаж байсан, ээлжийн дарга, 39 настай Т.Б галд угаартан, Цэргийн төв эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа.

Хэдийгээр хүний амь нас, эрүүл мэндээс үнэтэй зүйл үгүй ч тус ослын улмаас станцын өндөр даралтын цехийн есдүгээр турбины генератор дэлбэрч, гэмтсэн ноцтой асуудал үүссэн нь өдгөө улс төрийн үйл явдалд дарагдаад байна.

Тодотговол, тухайн дэлбэрсэн генераторыг дахин засварлах боломжгүй бөгөөд 50 мВт-ын хүчин чадал бүхий турбин генератор дахин суурилуулахад 2-3 жилийн хугацаа шаардлагатай аж.

Өөрөөр хэлбэл, ирэх өвөл Улаанбаатар хотын цахилгаан, дулаан эрчим хүчний дутагдалд орох эрсдэлт нөхцөл байдал үүсэж буй аж. Тиймээс ч “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК өдгөө дотооддоо онц байдал зарлан ажиллаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Нөгөөтэйгүүр энэ талаарх мэдээллийг албаныхан ихэд нууцалж байгаа бөгөөд ажилчдадаа ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байхыг "үүрэгджээ". Бид нөхцөл байдал газар дээрээ ямар байгааг гэрэл зургаар баримтжуулсан бөгөөд ослын талаарх мэдээллийг албаны хүмүүсээс тодруулахыг хүссэн ч "Одоогоор албан ёсны мэдээлэл өгөх боломжгүй. Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар хууль хяналтын байгууллага ажиллаж байгаа. Албаны хүмүүс удахгүй нэгдсэн байдлаар мэдээлэл өгөх болно" гэсэн юм. 

-ЧИНГИС БОНДЫН САНХҮҮЖИЛТЭЭР АВСАН ГАНЦ ШИНЭ ГЕНЕРАТОР НЬ ДЭЛБЭРЧ, ДАХИН ЗАСВАРЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛЖЭЭ-

Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар 1965 онд байгуулагдсан “ДЦС-3” нь 25 мВт-ийн дөрвөн ширхэг, 12 мВт-ийн найман ширхэг турбин генератортай аж. Насжилтын хувьд 48-60 жил болж, хэдийнээ ашиглалтын хугацаа нь дуусжээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл "аргалж" ажиллуулсаар байгаа бөгөөд хэзээ дэлбэрч, харамсалтай осол болохыг таашгүй нөхцөл байдалд ажилладаг байна. 

Тэгвэл дэлбэрч, гэмтсэн генератор нь “ДЦС-3”-т ашиглаж байсан ганц шинэ генератор байсан гэх мэдээлэл байгаа юм. Тодотговол, “ДЦС-3” ТӨХК нь 1960 оноос хойш анх удаа 2015 онд Чингис бондын санхүүжилтээр 50 мВт-ийн хүчин чадалтай шинэ турбин генератор 35 сая ам доллароор шинээр суурилуулсан байна. Гэтэл тухайн генератор нь дээрх харамсалтай ослын улмаас дэлбэрч, гэмтжээ. 

Бодит нөхцөл байдал ийм байхад албаны хүмүүс энэ талаар өнөөг хүртэл мэдээлэл хийж, шуурхай ажиллахгүй байгаа нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байна гэдгийг УИХ-ын гишүүд эхнээсээ хэлж, шаардлага тавиад байна. Тодотговол, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хандаж, шаардлага хүргүүлсэн. Тэрбээр салбарын сайдаас нь "Олон нийтэд бодит мэдээллийг өгөх"-ийг шаардсан юм. Гэсэн ч одоогоор энэ талаар албаны хүмүүс ямар нэгэн байр суурь илэрхийлж, мэдээлэл өгөөгүй байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.