Засгийн газрын өнөөдрийн /2025.06.04/ хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.
Тэрбээр, “Бүсчилсэн хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, хүний хөгжлийн бодлого, хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого зэрэг тэргүүлэх чиглэлүүдийг үндэслэсэн гэрээ байдаг. Энэ гэрээг хэрэгжүүлэхийн тулд намууд хэрхэн хамтран ажиллах, хамтарсан засгийн газарт орж ажиллаж байгаа намууд ямар эрх үүргийг хүлээх вэ гэдгийг тодорхой тусгасан. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан 14 мега төслөөс олон төслүүд урагшилсан. Зөвхөн мега төслүүдийг хэрэгжүүлэхээс гадна салбаруудад эрх зүйн реформ хийнэ гэдэг зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд 30 жил хүлээгдсэн нийгмийн даатгалын реформыг хийхээр шийдвэрлэж, хамтарсан засгийн газрын үйл ажиллагаа эхэлсэн бол өнөөдрийн Засгийн хуралдаанаар нийгмийн даатгалын ерөнхий хууль, мөн хувийн нэмэлт тэтгэврийн хууль гэх мэт нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчлэлийг Л.Энх-Амгалан сайд Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон.
Мөн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан эрх зүйн реформ, татварын багц хууль буюу татварын реформ хийх чиглэлээр ААН-ийн орлогын албан татварын хууль, ХХОАТ-ын хууль, татварын ерөнхий хууль гэх мэт татварын багц хуулийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах чиглэлээр эрх зүйн орчинг сайжруулахаар өнгөрсөн хугацаанд хамтарсан Засгийн газар ажилласан.
ХҮН намын дарга Т.Доржхандаар ахлуулсан гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд эдийн засгийн яам, сангийн яамдуудын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байсан бол өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн.
Мөн Засгийн газар өнгөрсөн хугацаанд төрийн өмчит компанийн ил тод байдлыг сайжруулах чиглэлээр ажилласан. Энэ хүрээнд өнөөдөр Ерөнхий сайдын зүгээс үүрэг өгөөд төрийн өмчит компанийн засаглал, ил тод байдлыг сайжруулах буюу УИХ дээр хэлэлэх эсэхийг нь дэмжчихсэн байгаа Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн засаглал, ил тод байдлыг сайжруулах хууль, мөн хоёр долоо хоногийн өмнө өргөн мэдүүлсэн төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль буюу өмчийг эзэнтэй болгох, өмчид нь газрын хэвлийн баялгийг хамааруулах чиглэлээр хийж байгаа шинэчлэл батлагдах ёстой. Үүний дараа бид захиргааны орон тоог бууруулах, ТУЗ-ыг бууруулах, хүртээмжийг сайжруулах, шаардлагагүй компаниудыг татан буулгах, хувийн хэвшилд шилжүүлэх ажлуудыг хийнэ. Төрийн ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа" гэлээ.
ВИДЕО: