Ердөө 70 жилийн өмнө нийслэлчүүдийн загасчилдаг байсан Сэлбэ гол өнөөдөр “амь” тасрахад хүрчээ. Үүнд үе, үеийн Хотын дарга нарын шийдвэр их нөлөөлдөг. Isee.mn мэдээллийн сайт Сэлбийг сэглэсэн Хотын дарга нарын үйлдлийг эргэн сануулж, тэдний энэ голд цацсан 70 гаруй тэрбум төгрөг огт үр дүнгээ өгөөгүйг энэхүү бодит нөхцөл байдлын сурвалжилгаараа хүргэж байна.
ВИДЕО:
НЭГД, 2011 он. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Сү.Батболд, Хотын даргаар ажиллаж байсан Г.Мөнхбаяр нар “Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлж, орчныг тохижуулах төсөл”-ийг 1.7 тэрбумаар хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд Их тойруугийн гүүрнээс “Голден вилла” хотхон хүртэлх Сэлбийн гол дагуу 350 метр талбайг тохижуулж, амралт зугаалгын төв болгохоор төлөвлөөд байсан зураг төсөл, ТЭЗҮ-гээсээ төс өөр чамлалттай ажил болсон. Тодруулбал, дээрх төлөвлөсөн хэсэгт хэд, хэдэн гүүрэн байгууламж, иргэдийн амарч суух саравч, усан оргилуур, ногоон байгууламжтай барихаар зураг төсөл гаргасан ч бодит байдал дээр плитан шалаар бүрж, хэдэн сандал, гэрэл тавьж орхиод хаясан байдаг юм. Угтаа бол нийслэлчүүд өвөл, зунгүй амрах хэсгийг энэ төслөөс хүлээж байв.
ХОЁРТ, 2015 он. Хотын даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилгоор Арслантай гүүрийг “Усан хөшиг” –тэй болгох ажлыг 70.1 сая төгрөгөөр хийсэн. Гэтэл уг төсөл мөн анхны зураг төслөөсөө хэд дахин өөрчлөгдөж, тоног төхөөрөмж нь эвдэрсэн гэх шалтгаанаар хэдхэн хоног ажиллуулаад хаасан. Солонгосын Хан мөрний усан хөшгийг Сэлбэ голд хийх энэхүү төсөл нь эцэстээ “шээдэг усан оргилуур” нэртэй болж, замхарсан юм.
ГУРАВТ, 2018 он. Хотын дарга Су.Батболд тэргүүтэй нийслэлийн удирдлагууд Сэлбэ голыг тохижуулах зураг төслийг баталж, Арслантай гүүрнээс урагш Натур төвийн урд талын гүүр хүртэлх хэсгийг тохижуулах ажлыг 50 тэрбумаар хэрэгжүүлэхээр эхлүүлсэн. Гэвч энэ ажил дахин “замхарсан”. Товчхондоо, урьдын түүх давтагдаж хагас дутуу хэсэгхэн талбайг тохижуулсан болоод өнгөрснийг олон хүн гэрчилнэ. Энэ төслөөс гоё зураг л үлджээ.
ДӨРӨВТ, Сэлбэ голыг цэцэглүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, төсвийн мөнгийг салхинд хийсгэдэг замнал Хотын дарга Д.Сумъяабазарыг ч тойроогүй. Сэлбэ голын тохижилтыг сайжруулах төслийн сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулж жүжигчин Б.Цэцэгийн “Сэрүүн Сэлбэ” төслийг шалгаруулсан. Ингээд 2023 онд Сэлбэ голын тохижилтыг сайжруулах төсөлд 3,1 тэрбум төгрөг зарцуулахаар нийслэлийн төсөвт тусгаад байв.. Нийслэлээс хөрөнгө гаргаж Сэлбэ голыг тохижуулахаас гадна энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд БНХАУ-аас 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар төлөвлөсөн хэмээн Д.Сумъяабазар дарга тайлбарлаж байсан ч олны шүүмжлэлийг багагүй дагуулсан тул зогсоосон байдаг.
ТАВД, 14 жилийн туршид Хотын дарга нарын сонгууль, хахуулийн мөнгөө босгосон Сэлбэ голыг одоогийн Хотын дарга Х.Нямбаатар ч зүгээр орхиогүй. Тэрбээр 19.5 тэрбум төгрөгийн өртөгтэй “Сэлбэ сэргэлт” төслийг хэрэгжүүлж үерийн эрсдэлээс хамгаалах, урсацыг нөхөн сэргээх зорилгоор 1,4 км урттай даланг хуучин S outlet дэлгүүр байсан газарт босгоод байна. Тохижилтын ажлын хүрээнд ногоон байгууламж, амралтын хэсэг, гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн замыг хийх ёстой. Өнгөрсөн оны зургаадугаар сард эхэлсэн ажил ирэх наймдугаар сард дуусна гэх албаны мэдээлэл бий. Мөн өнгөрсөн зун бургасыг нь суга татаж, Хар усан тохойд байрлуулна гэсэн ч байрлуулалгүй хаясан байдаг. Мөн өнгөрсөн өвлийн турш мөсийг нь зөөсөн бөгөөд энэ ажлын төсөв нээлттэй байхгүй байгаа юм.
Энэ бүхнээс харахад Сэлбэ гол нь үе, үеийн хотын нарын мөнгө “хийдэг” газар болсон байж болзошгүй байгаа юм. Хотын дарга нарын ярьсан хэлсэн биелэсэн бол өнөөдөр энэ гол барилга болон ахуйн хогонд дарагдаж “амь” тасрах хүртлээ ширгэхгүй, нийслэлчүүдийн амралтаа өнгөрөөдөг ая тухтай орчин болох байлаа.
Б.ЭНХМАА