Э.Болормаа УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ халхавчилж, Гаднын компаниас хандив авсан талаараа Цагдаад "тайлбар өгөхгүй" байсаар, хөөн хэлэлцэх хугацааг дуусгаж байна

Э.Болормаа УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ халхавчилж, Гаднын компаниас хандив авсан талаараа Цагдаад "тайлбар өгөхгүй" байсаар, хөөн хэлэлцэх хугацааг дуусгаж байна

УИХ-ын гишүүн Э.Болормаагийн 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, гишүүн болсон гэх хэргийг Ховд аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал,  УИХ-ын гишүүн Э.Болормаа нь УИХ-ын сонгуулийн үеэр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй “Кью Жи Экс Холдингс Лимитед” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” ХХК-иас хандив авч, уг хууль бус хандиваа сонгуулийн компанит ажилдаа зарцуулсан болох нь Үндэсний аудитын газрын тайлангаар нотлогддог. 

ВИДЕО:

Гэтэл холбогдох төрийн байгууллагууд уг үйлдлийг таслан зогсоож, түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээс нь эргүүлэн татаагүй. Тиймээс ч Э.Болормаад холбогдох хэргийг Цагдаагийн Ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас шалгаж эхэлсэн ч харьяаллын дагуу прокуророос тус хэргийг Ховд аймгийн цагдаагийн газар руу шилжүүлсэн байдаг. 

Тэгвэл уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, УИХ-ын гишүүн Э.Болормаагаас тайлбар, мэдүүлэг авч чадахгүй байсаар тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "УИХ-ын гишүүн Э.Болормаагийн гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хууль зөрчиж, хандив авсан уг хэргийг "Хөөн хэлэлцэх хугацаа дууссан" шалтгаанаар хаахаар эртнээс төлөвлөсөн байсан байж болзошгүй байна. Ийн өгүүлэхийн учир нь Цагдаагийн Ерөнхий газрын Хэрэг бүртгэх алба Э.Болормаад холбогдох хэргийг шалгаж, шийдвэрлэх бүрэн боломж байсан ч шалгахгүй, харьяалал тогтоолгохоор прокурорт шилжүүлж, улмаар Ховд аймгийн цагдаагийн газарт шилжүүлэх байдлаар хугацаа хожжээ. Харин тус цагдаагийн газраас дээрх хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Э.Болормаагаас тайлбар, мэдүүлэг авахаар хандсан ч тэрбээр "УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ халхавчилж", нэг ч удаа тайлбар, мэдүүлэг өгөхгүй байсаар хөөн хэлэлцэх хугацааг дуусгаж буй аж. 

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Э.Болормаад холбогдох гадаад хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүнээр сонгогдсон хэрэг "Хөөн хэлэлцэх хугацаа дууссан" гэх шалтгаанаар хаагдах нь. 

Ташрамд өгүүлэхэд,  УИХ-ын гишүүн Э.Болормаагийн УИХ-ын 2024 оны сонгуулиар хууль зөрчиж хандив авсан “Кью Жи Экс Холдингс Лимитед” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” ХХК нь Э.Болормаагийн УИХ-д сонгогдсон тойрог болох Завхан аймагт хайгуулын хоёр тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан бөгөөд тусгай зөвшөөрөл нь сонгуулийн дараа дуусахаар байсан аж. Гэтэл өдгөө тухайн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа нь магадгүй Э.Болормаа хууль бус хандив авсантай нь холбоотой биш биз гэх хардлагыг ч төрүүлж байна.