600 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай "ДЦС-5"-ын тендерт монгол, хятадын 4-5 компани оролцохоор бэлтгэж байна гэв

600 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай "ДЦС-5"-ын тендерт монгол, хятадын 4-5 компани оролцохоор бэлтгэж байна гэв

“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл өгч байна. Зөвлөх инженер Б.Цэвээн, Л.Баасан, Г.Энхтайван, Нийслэлийн хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга М.Үнэнбат нар мэдээлэл өнөөдөр /2025.06.06/ өгч байна. 

-"ДЦС-5 ТӨХК"-ИЙН САНХҮҮЖИЛТЭД 600 САЯ АМ.ДОЛЛАР ШААРДЛАГАТАЙ БӨГӨӨД 30 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ БАЙГУУЛНА ГЭВ-

Энэ үеэр ДЦС 5-ын зураг төсөл боловсруулах, барих тендерийг өнгөрсөн сарын 26-нд зарласан. Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай байна. Санхүүгийн баталгааг хоёр дахь шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн компаниудаас шаардана. Гэрээг 30 жилийн хугацаатай байгуулж, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна. Нийслэлийн өмчийн станц болно гэсэн юм. ААН-үүд консерциум эсвэл түншлэлийн хэлбэрээр өрсөлдөж болно. Саналаа нэг сарын дотор өгнө гэжээ. Энэ хугацаа богино байгааг хувийн хэвшлийн төлөөлөл хэллээ. Учир нь станцын нийт санхүүжилт 600 сая ам.доллар шаардлагатай байна.  Нэг мегаваттыг 2  сая ам.доллараар барих нь олон улсын  жишиг үнэ гэдгийг мөн энэ үеэр онцолж байлаа.

-"ДЦС-5 ТӨХК"-ИЙН ТЕНДЕРТ 4-5 КОМПАНИ САНАЛАА ӨГӨХӨӨР БЭЛДЭЖ БАЙНА-

Энэ үеэр зөвлөх инженер Б.Цэвээн "Хувийн хэвшил энэ салбар руу орж эхэллээ. Бөөрөлжүүт, Тосонцэнгэл байна. Одоо Ховдод мөн станц барьж байна. Хувийн хэвшил тооцоогүй, судалгаагүйгээр, ашиггүй бол энэ салбар руу ордоггүй. Хөрөнгө оруулалтаа эргэж нөхөх боломж бүрдсэн тул ААН-үүд станц бариад эхэллээ. Төрөөс үнэ нэмж, цахилгааны өртөг рүү хүргэлээ. Нийслэл том айл тул цахилгаан станц зайлшгүй хэрэгтэй. Одоо 4-5 компани саналаа өгөхөөр бэлдэж байна. Та бүхэн тендерийн хугацаа нэг сар байгаа нь богино гэж үзвэл албан бичгээ өгнө үү. Бид хэлэлцээд хариу өгнө. Урьдчилсан шалгаруулалтад техникийн, санхүүгийн тодорхой боломжтой компаниуд оролцоно. Хоёр дахь шатанд жинхэнэ тендерийг зарлана. Энэ станцын ТЭЗҮ-г боловсруулсан. Үүнээс илүү сайн ТЭЗҮ хийх компани гарч ирэхийг үгүйсгэхгүй. ОХУ, БНСУ, Японы компаниуд энэ төсөлд оролцохгүй гэлээ. 

-ЭНЭ ТӨСӨЛД ХЯТАДЫН ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИУД ОРОЛЦОХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ, ХУВИЙН ХЭВШИЛ ОРОЛЦОНО-

Мөн энэ уулзалтад "Шунхлай групп", БНХАУ-ын "Power Energy" компанийн төлөөлөл оролцож байсан юм. БНХАУ-ын "Power energy" компанийн төлөөлөл: "Хятадын Засгийн газар нүүрс шатаах төсөлд санхүүжилт олгохгүй гээд ил тод зарлачихсан. Иймд Хятадын төрийн өмчийн компаниуд оролцох ямар ч боломжгүй, хувийн хэвшил оролцоно" гэв. Тэгсэн ч сонгон шалгаруулалтын С шалгуурыг зөвшөөрөх боломжгүй байгаа тул журмаа өөрчлөх, судалгааг илүү нарийн хийх санал тавив.