Чингэлтэй дүүргийн 13-р хороо, Хайлаастын өрхийн эмнэлэг орчимд одоогоос жил гаруйн өмнө буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр зам тээврийн ноцтой осол гарч, гарцаар зам хөндлөн гарч байсан нэг айлын дөрвөн хүүхэд өртөж, нэг нь газар дээрээ амиа алдаж, гурван нь хүнд гэмтсэн байдаг. Улмаар тухайн ослын жолоочид холбогдох хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, шүүхээс шүүгдэгчийн жолоодох эрхийг 8 жилээр хасаж, 2 жилийн хорих ял оноосон.
Тэгвэл осолд өртөж, хүнд гэмтсэн хүүхдүүдийн биеийн байдал болон амиа алдсан охины ар гэрийнхний нөхцөл байдал ямар байгааг бид сурвалжлахаар хохирогчийн ээж Г.Болормаад хандсан юм.
ВИДЕО:
Тэрбээр "16-хан настай охиноо зам тээврийн ослоор алдаж, амьд үлдсэн хэдэн хүүхдээ эрүүл саруул болгохын төлөө л амьд яваа надад нууж хаах зүйл байхгүй ээ. Ганцхан хүний цалингаар хоол унд, эм тарианы мөнгө гээд бүхнээ зохицуулж байгаа бидний амьдрал тун хүнд байгаа гэдгийг ойлгоорой" гэсээр угтав. Мөн тэрбээр ярилцлагын үеэр талийгаач охиныхоо хүсэл мөрөөдөл, гаргаж байсан амжилт зэргийг ярьж, охиноороо бахархаж байсныг энд тодотгоё.
-Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийнх нь биеийн байдал ямар байгаа бол. Энэ талаар яриагаа эхлүүлье?
-Охины хүүхэд хөлийнхөө хадаас, оёдлоо авахуулсан. Биеийн байдал нь нэг үеэ бодвол арай гайгүй, алхаж байгаа. Харин хүүгийн хүүхдийн хөл нь товгор эдгэчихсэн болохоор хөлийнхөө хадаасыг авхуулаагүй байгаа. Эхлээд зүрхний хагалгаанд орсны дараа хөлнийх нь хагалгаанд оруулна гэж эмч хэлсэн. Мөн охин маань хичээл, сургууль амарсны дараа хадааснуудаа авхуулна гэсэн.
-Нууц биш бол хүүхдүүд нь ямар, ямар хагалгаанд орсон билээ?
-Охин маань бараг л үхэж байж босож ирсэн дээ. Ослын дараа хэвлий, дэлүүний хагалгаанд орсон. Мөн хавирга, гар нь тэр чигтээ цуурч, хадуулсан.
-ОСЛООР АМИА АЛДСАН ОХИНЫ МИНЬ АМЬ НАСЫГ ШҮҮХ 10 САЯАР ҮНЭЛСЭН. БИД ДАВЖ ЗААЛДААГҮЙ-
-Осол гаргасан жолооч та бүхэнтэй уулзсан уу?
-Шоронд орохоосоо өмнө утсаар ярьсан. Тэр үед нь би "Намайг тэжээх 16 настай охиноо өвчнөөр биш зам тээврийн ослоор алдсан болохоор гомдолтой" гэдгээ хэлсэн. Харин ослын дараа осол гаргасан жолоочийн бэр эгч нь гээд н.Нараа гэж эмэгтэй эргэж тойроод "Зовсон ч, жаргасан ч хамтдаа шүү" гээд л байсан юм. Гэтэл түүнээс хойш нэг ч удаа холбогдоогүй, таг чиг болсон. Тэгэхээр нь би өөрөө гэрт нь очиж нэг уулзсан. Тэгэхэд "Та нар гомдолгүй гэж хэлэхгүй яасан юм бэ. Миний охиныг шоронд хийгээгүй байсан бол гав зүүгээд ч болтугай ажил хийгээд та нарын хохирлыг төлөх л байсан ш дээ" гэж доромжилж байсан.
-Анхан шатны шүүхээс осол гаргасан жолоочид хоёр жилийн хорих ял оноосон байсан. Та бүхэн давж заалдсан болов уу?
-Үгүй ээ. Бид давж заалдаагүй. Осолд манай хүүхдүүдээс гадна ахиад хоёр хүүхэд өртсөн. Энэ зургаан хүүхдийн хохирлыг л төлж барагдуулж өгөөч гэдгийг хүсэж байна. ШШГЕГ шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, хохирлыг барагдуулахад анхаарч ажиллаж өгөөсэй гэж хүсэх байна.
-Шүүхээс хохирлын хэмжээг хэдэн төгрөгөөр тогтоосон юм бол?
-Уг нь хүний амийг мөнгөөр хэмжиж болох биш дээ. Гэхдээ шүүхээс талийгаач охины минь амь насны хохирлыг 10 саяар үнэлсэн. Харин хүүгийн хүүхдэд 8 сая, охины хүүхдэд болон охинд 18 сая төгрөгийн хохирол төлөх ёстой гэж шийдвэрлэсэн.
-ХОРИХ ЯЛ ШИЙТГЭГДСЭН ЖОЛООЧ ЭМЭГТЭЙГ ШОРОНД АЖИЛ ХИЙХЭЭР НЬ ХОХИРОЛ ТӨЛЖ ЭХЭЛНЭ ГЭЖ ХЭЛСЭН-
-Жолооч хохирлоо төлсөн болов уу. Энэ талаар мэдээлэл өгч болох уу?
-Үгүй ээ. Одоог болтол хохирлоо төлөөгүй байгаа.
-Яагаад хохирлоо төлөхгүй байгаа юм бол. Танд мэдээлэл байгаа юу?
-ШШГЕГ-ын нарийн бичгийн дарга гээд нэг эмэгтэй рүү холбогдоход "Осол гаргасан жолоочийг одоогоор ажил хийгээгүй байгаа. Ажил хийгээд цалин авахаар нь цалингаас нь хохирогчдод хуваагаад бага багаар нь төлнө" гэж хэлсэн. Харин дараа нь ярихад "Би ажлаа өгсөн гэж байсан.
-Та талийгаач охиныхоо талаар дурсан яриач?
-Охин минь есдүгээр ангиа төгсөөд гагнуурчин мэргэжилтэй болж, ээжийгээ тэжээнэ гэж мөрөөддөг хамгийн ухаантай охин минь байсан. Охин минь ээжийгээ даараад ороод ирэхэд халуун цайтай, халууцаад ороод ирэхэд хүйтэн цайтай л угтдаг хайр, халамжаар дүүрэн охин минь байсан. Үр хүүхдээ алдсан эх хүний хувьд үнэхээр гомдолтой байдаг. Уйллаа гээд босоод ирэх биш гээд өөрийгөө бариад л явж байна. Өвчнөөр өөд болсон бол яая гэхэв. Гэтэл зүгээр явж байгаад автомашинд дайруулаад хорвоог орхисон гэж бодохоор л сэтгэл сэмрээд байдаг юм. Зургийг нь ч гаргаж тавьж чадахгүй, бурхныхаа өмнө цай сүүнийхээ дээжийг өргөөд амьд үлдсэн хүүхдүүдийн төлөө л амьдарч байна даа.
-Таны хувьд группэд байдаг гэхээр хэрэглээгээ яаж болгож байна вэ?
-Манай нөхөр зуух, яндан хийж, зах дээр бөөндөж зардаг. Уг нь жижиглэнгээр зарвал арай үнэтэй өгөх боломжтой ч өдрийнхөө хоол, эм тарианы мөнгөнд болоод бөөндөж өгөхөөс өөр аргагүй байдаг юм. Мөн миний группийн мөнгө, охины хүүхдийн мөнгөөр л амьдарч байна. Гэхдээ энэ мөнгө нь сардаа хүрдэггүй болохоор гудамжны үзүүрийнхээ дэлгүүрээс зээл аваад группийнхээ мөнгийг буухаар нь төлөх байдлаар л амьдарч байна даа.