Жил бүр ойн хөнөөлт шавжийн эсрэг тэмцлийн ажил хийдэг. Энэ жилийн хувьд “Ойжуулалт” хөтөлбөрийн хүрээнд 247.800 га талбайд хортон шавжийн эрсэг тэмцлийн ажлыг үе шаттайгаар хийж байна. Нийт 16 аймгийн 87 сумын ойн санд хөнөөлт шавжийн эсрэг тэмцлийн ажил хийхээр ЗГХА ойн газраас төлөвлөжээ.
ЗГХА ойн газрын ахлах мэргэжилтэн Г.Энхболд “Энэ жил ойн шавжтай тэмцэх ажлыг таван аргаар 247.800 га талбайд хийхээр төлөвлөсөн. Үүнээс 160 мянган га талбайд агаарын хөлгөөр тэмцэх аргаар, 63.600 га талбай үүргийн шүршигч багаж ашиглах аргаар, 7500 га талбайд гэрлэн урхиар тэмцэх аргаар, 12.500 га талбайд механик аргаар, 4200 га талбайд дроноор тэмцэх аргаар хийхээр төлөвлөсөн. Богд уулын дархан цаазат газрын ойн сангийн 3000 га талбайд хортон шавжтай тэмцэх ажлыг хийнэ. Энэ жилийн хувьд Сибирийн хүр эрвээхэй, эгэл бийрэн сүүлт эрвээхэй, якобсоны төөлүүрч эрвээхэй, өрөөсгөл хүр эрвээхэй ойд голлон хөнөөл учруулж байна.” гэв.