Улсын дээд шүүхийн шүүгчид Ц.Оч, Э.3олзаяа нар нэр дэвшжээ

Улсын дээд шүүхийн шүүгчид Ц.Оч, Э.3олзаяа нар нэр дэвшжээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2025.06.10/ хуралдаанд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрэмбийг баримтлан Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Цогийн Оч болон Энэбишийн 3олзаяа нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг танилцууллаа.

Нэр дэвшигч Цогийн Оч тухайд 1978 онд Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, ам бүл 6. Тэрбээр 1986-1996 онд нийслэлийн 18 дугаар сургууль, 1996-2001 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуулийг эрх зүйчээр төгсөж, 2009-2021 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг тус хамгаалжээ. Нэр дэвшигч Ц.Очийн ажлын туршлагын хувьд 2001-2002 онд “Энигма” XXК-д хуульч, 2002-2006 онд Монгол Улсын дээд шүүхэд шүүгчийн туслах, 2006-2008 онд Баянгол дүүргийн шүүхийн шүүгч, 2008-2012 онд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч, 2012-2013 онд Хэнтий аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2015 оноос Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа юм байна. Нэр дэвшигч нь төрийн албанд 24 жил, шүүгчээр 19 жил 2 cap, үүнээс давж заалдах шатны шүүхэд 12 жил 5 сар ажиллаж байгаа гэсэн үг.

Харин нэр дэвшигч Энэбишийн 3олзаяа нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эмэгтэй, ам бүл 4. 1978-1988 онд нийслэлийн 18 дугаар сургууль, 1988-1994 онд Оросын Холбооны Улсын Москва хотын Нийтийн ахуй үйлчилгээний улсын академийг тус тус төгссөн. Инженер мэргэжилтэй, техникийн ухааны магистрын зэрэгтэй. 1996-1999 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгсөж, 2009-2016 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр 1999-2004 онд Нийслэлийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2004-2006 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч, 2006-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, 2013-2014 онд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч, 2014-2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2015 оноос Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа аж. Нэр дэвшигч нь төрийн албанд 26 жил 4 сар, шүүгчээр 20 жил 7 сар, үүнээс давж заалдах шатны шүүхэд 11 жил ажиллаж байгаа гэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дахь холбогдох журмын дагуу Хууль зүйн байнгын хорооны гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, П.Сайнзориг, Г.Уянгахишиг, С.Эрдэнэболд нар асуулт асууж, хариулт авсан юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Хууль зүйн байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд нэр дэвшигчийн талаар санал хураалт явуулахгүй” хэмээн заасан байдаг. Иймд холбогдох санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна.