Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг УИХ-ын чуулган өнөөдөр /2025.06.10/ 20:00 цагаас хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ. Үүнээс өмнө УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, уг асуудлыг хэлэлцэж байгаа.
Тэгвэл АН-ын бүлгээс гаргасан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, “Манай бүлгийн дарга энэ ауудлыг ажлын өдөр хэлэлцэхгүй бол болохгүй гэдэг санал оруулсан. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл олонхын саналаар өнөөдөр зарлагдсан тов дарааллыг өөрчилье гэсэн шийдвэрийг гаргавал хойшлогдоно. Хэрвээ өөрчлөхгүй гэж шийдвэл өнөөдөр зарлагдсан тов дарааллын дагуу хуралдана гэсэн үг. Ингэсэн тохиолдолд АН-ын бүлэг буцаж хуралдаад шийдвэр гаргана. Хэрэв энэ тов дараалал өөрчлөгдөхгүй бол АН-ын бүлэг завсарлага авах боломжтой. Бүлгээрээ бид ярьж шийднэ. Дэгийн тухай хуулинд Ажлын өдөр чуулган хурлдана гэж заасан. Гэтэл 00:00 цагаас хойш ажлын бус өдөр болчих гээд байна. Амралтын өдөр шийдвэр гаргах болчих гээд байгааг яах вэ гэдэг асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл рүү оруулна гэсэн үг. Ер нь бид "энийг Ерөнхий сайд болго, одоо хуралд" гэсэн байдлаар явж болохгүй. Шөнийн цагаар “та бүхэн унтаж байгаарай бид юмаа яриадхъя, та нар анхаараад байгаа бол бид хаалттай хуралдчихъя” гэдэг байдлаар явж огт болохгүй гэдгийг би байнга шүүмжилдэг. Ер нь энэ парламентад “одоо хуралд, энийг томил” гэж үгээрээ хэлэхгүйгээр үйлдлээрээ шахаж байна. Нэг их таатай санагдахгүй байгаа. Ерөнхий сайдын томилгоо хурдан хийгдэхээс илүүтэй оновчтой, зөв хийгдэх ёстой. Улс орны ирээдүй, улс орны тусгаар тогтнолтой холбоотой асуудал учраас ул суурьтай ярилцаж, тодорхой шүүмжээ хэлэх хэрэгтэй. Үндсэндээ нэг намын Бага хурал нь УИХ-ын бүлгүүдээсээ илүү шийдвэр гаргаад, түүнийг нь биелүүдэг, гүйцэтгэдэг төлөв байдал руугаа орж болохгүй” гэлээ.