О.Цогтгэрэл: Ерөнхий сайдыг томилох шийдвэр бүх нийтийн амралтын өдөр гарчихвал хууль эрх зүйн хувьд маргаантай

О.Цогтгэрэл: Ерөнхий сайдыг томилох шийдвэр бүх нийтийн амралтын өдөр гарчихвал хууль эрх зүйн хувьд маргаантай

Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд болон Төрийн байгуулалтын байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр товлосон. Яг одоо УИХ дахь МАН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл тус асуудлаар хуралдаж байгаа юм. Харин АН-ын бүлэг хуралдаанаа хойшлуулжээ.
Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдыг томилох асуудлыг ирэх пүрэв гаригт хэлэлцэх санал гаргасан байна. Бүлгийн дарга О.Цогтгэрэл "Манай бүлгийн гишүүд тэр тусмаа хуульч гишүүд өнөөдөр байнгын хороо, чуулганы хуралдаан 00:00 цаг даваад зургадугаар сарын 11-н рүү орно. Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр таарч байгаа. Ерөнхий сайдыг томилох шийдвэр бүх нийтийн амралтын өдөр гарчихвал хууль эрх зүйн хувьд маргаантай гэдэг асуудал ярьсан. Үндсэн хуулийн цэцэд очиж магадгүй.  Тиймээс би УИХ-ын даргын зөвлөлд сая санал гаргаад байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдааныг пүрэв гаригт хуралдуулъя гэдэг санал гаргалаа. Тэгвэл анхнаасаа хуулийн маргаантай зүйл биш ажлын өдөр хэлэлцээд шийдвэр гаргаад явах боломжтой" гэлээ.