Монголд томилолтоор явж байхдаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх БНСУ-ын JTBC телевизийн сурвалжлагчид хорих ял оноожээ

Монголд томилолтоор явж байхдаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх БНСУ-ын JTBC телевизийн сурвалжлагчид хорих ял оноожээ

Монголд томилолтоор ирэх үеэрээ бэлгийн хүчирхийлэл үйлдсэн болох нь тогтоогдсон БНСУ-ын JTBC телевизийн Mediatech нэвтрүүлгийн сурвалжлагч асан 40 гаруй насны эрэгтэй А-д холбогдох хэргийг Инчон дүүргийн шүүхийн Бүчон салбарын 5 дугаар ангийн шүүгч Юн Ах Ён өнөөдөр буюу зургаадугаар сарын 11-ний өдөр хэлэлцэж, 6 сар баривчлах, 2 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.

Улмаар шүүхээс хэрэгтэн А-г 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх, бэлгийн хүчирхийллийн эсрэг 40 цагийн эмчилгээ хийлгэх, хүүхэд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамааралтай байгууллагад ажиллах эрхийг 3 жилээр хязгаарлах шийтгэл оногдуулсан байна. Харин БНСУ-ын Шүүхээс шийтгэх тогтоолын үндэслэлээ тайлбарлахдаа “Хохирогч нь шүүгдэгчийг уучлаагүй, мөн анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа зэргийг харгалзан ял оногдуулсан” гэжээ.

Хэргийг тодруулбал, БНСУ-ын JTBC телевизийн сурвалжлагч А гэгч этгээдийг 2023 оны дөрөвдүгээр сард өөр хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагч эмэгтэйтэй хамт Монголд ажлын томилолтоор явж байхдаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт шалгаж байсан байна. Тухайн үед “А” гэх эрэгтэй, хоёр эмэгтэй сурвалжлагчийн хамт БНСУ-ын Хэвлэл мэдээллийн нийгэмлэг, Монголын Хэвлэлийн Холбооны хооронд байгуулсан гэрээний дагуу 4 шөнө 5 өдрийн хуваарийн дагуу Монгол руу томилолтоор ирж байжээ. Уг хэргийг дараа шүүгдэгчийг ажлаас нь чөлөөлсөн байдаг.