Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 2025 оны зургаадугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар гол мөрний усны горимыг гаргажээ.

Тодруулбал Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурч олон жилийн дундажтай харьцуулбал 5-60 см бага харин Шишхэд голын хувьд 15 см ахиу байжээ. Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Гичгэнэ, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн арав хоногт өөрчлөлт багатай байсан. Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Туул, Тэрэлж, Сэлбэ, Сөгнөгөр, Улиастай зэрэг голуудын усны түвшин 6 дугаар сарын эхэн үед аажим буурсан.

Арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2024 оны мөн үетэй харьцуулбал 5-40 см бага байна. Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд өмнөх арав хоногт түвшин 5 см орчмоор буурч, арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон өмнөх жилийн мөн үеийнхээс Орхон, Сэлэнгийн адгаар 10-80 см ахиу устай байна.

Хэнтий нурууны зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Улз болон Их Хянганы нуруунаас усжих Халх голын дагууд усны түвшин өнгөрсөн хугацааны эхэн үед 5-15 см нэмэгдсэн ч аажмаар буурсан дээрх голуудын хувьд олон жилийн дундаж болон 2024 оны мөн үеийнхээс 10-45 см бага харин Улз, Халх голын хувьд 5-30 см ахиу түвшинд байв. Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Сагсай, Согоог, Турган, Харбут, Чигэртэй, Үенч, Бодонч, Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг, Долооннуур зэрэг голын усны түвшин өмнөх арав хоногийн дунд үеэр 5-10 см нэмэгдсэн ч аажмаар буурсан. Энэ нь жилийн дунджаас 20-60 см орчим бага харин өмнөх оны мөн үеийнхээс 10-35 см их түвшинд байна.

-УЛЗ, ХАЛХ, БАЛЖ, ОРХОН, СЭЛЭНГИЙН АДГААР УСНЫ ТҮВШИН 15-80 СМ АХИУ БАЙЛАА- 

Хангай нурууны өврөөс эхтэй Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Хожуул, Тээл, Завхан, Зүйл, Шарга, Түй, Байдраг, Заг, Цагаантуруут, Шаргалжуут, Зэгстэй, Таац Онги голын дагууд усны түвшин өнгөрсөн хугацааны турш хоногийн түвшний хэлбэлзэл багатай байсан ба арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундажтай харьцуулахад 5-50 см бага байна. Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Намир, Хангилцаг, Хариг зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн арав хоногийн турш хоногт өөрчлөлт багатай байсан ба дээрх голуудын арав хоногийн дундаж түвшин өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-25 см бага байсан бол Хангилцаг гол Цагаанхайрхан сум орчимд 5-10 см ахиу устай байлаа.

2025 оны зургаадугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурч олон жилийн дунджаас 10-70 см бага байна. Харин Улз, Халх, Балж мөн Орхон, Сэлэнгийн адгаар 15-80 см ахиу байлаа.