“Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал”-ын нарийн бичгийн дарга Кайрат Сарибайыг хүлээн авч уулзлаа

“Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал”-ын нарийн бичгийн дарга Кайрат Сарибайыг хүлээн авч уулзлаа

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зөвлөх, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Тусгай элч П.Батхишиг 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (CICA)-ын Нарийн бичгийн дарга ноён Кайрат Сарибаяыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр тал уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлаар бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээлэл солилцох, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх талаар санал солилцов. Түүнчлэн CICA-гийн хүрээнд байгаль орчны чиглэлээр шинээр санаачлах боломжтой хамтарсан үйл ажиллагаа, хөтөлбөрүүдийн талаар ярилцав. Монгол Улс CICA-гийн Байгаль орчны тэргүүлэх чиглэлийг удирдан чиглүүлэгч улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, дасан зохицох үйл ажиллагаагаа эрчимжүүлэн хэрэгжүүлж буйг онцолж, бүс нутгийн хэмжээнд тогтвортой хөгжлийг дэмжих хамтын хүчин чармайлтыг чухалчилж буйгаа илэрхийлэв.

Ноён Кайрат Сарибай CICA-гийн гишүүн орнуудын хүрээнд байгаль орчны салбар дахь итгэлцлийг бэхжүүлэх нь урт хугацааны энх тайван, тогтвортой хөгжлийн үндэс болохыг тэмдэглэж, Монгол Улстай энэ чиглэлд хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ. Талууд цаашид CICA-ийн хүрээнд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг гүнзгийрүүлэхээр тохиролцож, мэдээлэл солилцох, олон талт яриа хэлэлцээ өрнүүлэх механизм бий болгох талаар хамтран ажиллахаар санал нэгдэв.