Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхон нь өнгөрсөн тавдугаар сарын 09-ний /2025.05.09/ өдөр Тайландын нийслэл Бангкок хотын Хлонг Тоэй дүүрэгт байрлах өндөр барилгын 17 давхраас унаж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.
Өдгөө тус хэргийг Тайландын цагдаагийн газраас мөрдөн шалгаж байгаа бөгөөд одоогоор талийгаачийн үхлийн шалтгаан эцэслэн тодорхой болоогүй байгаа аж. Харин тус улсын цагдаагийн байгууллагаас талийгаач Л.Орхоныг урьдчилсан байдлаар золгүй явдлаар нас барсан хэмээн дүгнэсэн гэгдэж буй. Тиймээс талийгаач Л.Орхоны эгч Л.Онон "А.Төмөрийг Дипломат дархан эрхээс нь татгалзуулж, эрүүгийн журмаар шалгуулах"-ыг шаардаж байгаа.
Тэгвэл дээрх хэрэг явдал болон Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбоотойгоор түүнийг эргүүлэн татахаар болсон байна.
Тодруулбал, Гадаад харилцааны яамнаас өнгөрсөн тавдугаар сард А.Төмөрийг эргүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн байдаг. Улмаар уг саналыг Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлээд байгаа бөгөөд ойрын хугацаанд уг асуудлыг УИХ хэлэлцэхээр товлоод байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Ташрамд өгүүлэхэд, Талийгаач Л.Орхоны эгч Л.Онон нь Тайландын Бангкок хотод суугаа Элчин сайд Амарсанаагийн Төмөрийг түүний эхнэрийн сэжигтэй нас баралтын хэрэгт холбогдуулан нэн даруй, ил тод, шударга, мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас шаардаж, гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.