ТББХ өнөөдөр /2025.06.12/ хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэж, Г.Занданшатараас гишүүд асуулт асууж хариулт авч байна.
ВИДЕО:
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, "Улс төрийн хувьд хагаралтай, эдийн засаг хямралтай энэ үед Засгийн газрын тэргүүнээр горилогч нь нэг бол үнэхээр албан тушаалд дуртай нэгэн байж болох, нөгөө талд улс төрчийн хувьд ханцуй шамлаад энэ хүндрэл бэрхшээлийг даван туулах гэсэн хоёр зааг дээр сонголт хийх байх. Таныг ханцуй шамлаад үзье гэдэг тал дээр байгаа болов уу гэж бодож байна. Надад гурван асуулт байна. Таалагдахгүй байгаа нэг зүйл байгаа нь Монгол Улсын Ерөнхий сайдыг сонгох анхан шатны сонгууль МАН-ын Бага хурал дээр болсон. Удирдах зөвлөлд ямар ч өрсөлдөөнгүй нэг хүн орж исрэн. Бага хурал хаалттай хуралдсан. Бага хурлын гишүүдийнхээ гар утсыг хурааж авсан. Хамгийн гол нь саналын хайрцгаа хөшигний ард задалж тоолсон. Энэ нь ардчилсан, ил тод, нээлттэй байх зарчимд хэр нийцэж байгаа юм бэ.
Ер нь цаашдаа улс төрийн намууд төлөөллийн зарчмаараа УИХ-ын даргыг сонгох, Ерөнхий сайдыг сонгох, Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвшихийг ил тод нээлттэй, ардчилсан зарчмаар шударга сонгогдог байхыг дүрэм журмаараа нийцүүлж ажиллах зайлшгүй шаардалгатай байна.
Та үүнийг хувь улс төрчийн хувьд юу гэж харж байгаа вэ. Хоёрдугаарт өмнөх Ерөнхий сайд итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ дээр оруулж ирэхэд удаа дараа нэг зүйлийг хэлж байсан нь Ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсон, зөрчилдөөд байна гэдэг. Тухайн зөрчил нь юу байсан юм бол. Та Ерөнхий сайд болсноор энэ зөрчил үргэлжлэх үү, шийдлээ олох уу. Гуравдугаарт өмнөх Засгийн газрын кабинетын зарчим алдагдсан. Засгийн газраа огцруулахын төлөө ажилласан. Урвалт шарвалтууд маш их байсан. Энэ байдлууд бүр жишиг болж тогтлоо. Та урьд нь хоёр ч удаа Засгийн газарт байсан хүн. Ийм итгэл үнэмшилгүй кабинет бүрдэж байгааг хэрхэн харж байгаа юм бэ" гэв.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар, “2019, 2023 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амьдралд баталгаатай хэрэгжүүлж, хэрэгжилтийг нь хангаж амилуулахын тулд нэр дэшиж байгаа. Нөгөө талдаа цагийн байдал маш хүнд байгааг ойлгож байгаа. Энэ үед намын хамт олон, Ерөнхийлөгч итгэл үзүүлж байхад ухрах эрхгүй гэж бодсон. Тааламжтай үед урагш гардаг, хэцүү үед хойш суух эрх бидэнд байхгүй. Үнэхээр байдал хүнд байгаа. Тийм учраас ажлын туршлага таарч байна гэсэн намын хамт олны итгэлээс хойш суух эрх байгаагүй. Намын Бага хурлын тухайд намын удирдлага биш учраас би хариулт өгөх боломжгүй. МАН-ын Бага хурал дотоод ардчилалтай явсан гэж ойлгож байгаа. Эргэлзээтэй асуудлын тухайд би дундуур нь ороод тайлбарлах боломжгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг тууштай хэрэгжүүлэх ёстой. Засгийн газрын хараат бус бие даасан байдлыг хангах ёстой. Ийм зарчмын үүднээс би нэр дэвшиж байгаа. Хүнд цаг үеийг давж туулах, эвлэж зохицуулах зарчим дээр ажиллана” гэлээ.