Г.Занданшатар: 2012 онд батлуулаад дараа нь хүчингүй болсон хуулиас болоод гадаадын хөрөнгө оруулалт буурсан юм байхгүй

Г.Занданшатар: 2012 онд батлуулаад дараа нь хүчингүй болсон хуулиас болоод гадаадын хөрөнгө оруулалт буурсан юм байхгүй

ТББХ өнөөдөр /2025.06.12/ хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэж, Г.Занданшатараас гишүүд асуулт асууж хариулт авч байна. Үүний дараа чуулганы хуралдаанаар уг асуудлыг оруулах юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, "Гадаадын хөрөнгө оруулалтын үзүүлэлт сүүлийн хэдэн жил маш их унасан. Нөгөө талд гурав дахь хөрш гэдэг зүйлийг ярьж байгаа ч мөнгө, эдийн засаг байхгүй. Тэр нь уриа маягтай болоод байдаг. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр та ямар бодолтой байгаа вэ. Монгол Улс гадаад харилцаа идэвхтэй улс. Элчин сайдуудтай хэрхэн хамтарч ажиллая гэсэн бодолтой байгаа вэ гэсэн асуулт байна" гэлээ. 

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар, "Гадаадын хөрөнгө оруулалт ч гэлтгүй дотоодын хөрөнгө оруулалтыг ч дэмжиж байж эдийн засаг, ажлын байр бий болж шинэчлэлт хийгдэх нь ойлгомжтой. Гадаадын хөрөнгө оруулалтын 2012 оны хууль бол тухайн үед Монголын баялаг гадаадад чөлөөтэй зарагдаад, тэр нь хэмжээ хязгаарлалтгүй байвал Монголоос зөвшөөрөл авдаг байх тухай л хууль байсан. Ийм зөвшөөрөл авдаг болох тухай хуулийг Австралийн хуулийн жишгээр боловсруулж өргөн барьсан юм. Мэдээж сонгуулийн жил байсан учраас гишүүдийн попролтоос болж зарим заалтууд өөрчлөгдсөн. Нэгдүгээрт энэ хууль хэрэгжилтийн шатандаа хэрэгжээгүй. Хоёрдугаарт энэ хулуийг дараа нь хүчингүй болгочихсон. Энэ хүчингүй болсон хуулиас болоод гадаадын хөрөнгө оруулалт буураад байсан юм байхгүй. Хуулийн тогтворгүй байдал, бүх шатны дарамт шахалт зэрэг маш олон хүчин зүйлээс болсон" гэлээ.