Өнөөдөр /2025.06.12/ Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох эсэхийг 84.2 хувийн саналаар дэмжсэн. Мөн УИХ-ын чуулганаар дээрх асуудлыг өнөөдөр хэлэлцэж байна.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай саналыг танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонх суудал авсан МАН-аас Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, саналыг 2025.06.15-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 39.2 дахь хэсэг УИХ-д олонх суудал авсан нам эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна гэж заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д танилцуулж байна.
Гомбожавын Занданшатар нь 1970 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. Эхнэр дөрвөн хүүхэдтэй. Тэрээр 1987 онд нийслэлийн 77 дугаар дунд сургууль, 1985-1992 онд ОХУ-ын Байгалийн эдийн засаг, эрхзүйн их сургуульд суралцаж Санхүү эдийн засагч мэргэжил эзэмшсэн, эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй хүн. Гомбожавын Занданшатар нь ажлын гараагаа Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн багшаар эхлүүлж 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, хэлтэс, газрын захирал, 1998-2000 онд Монголбанкны сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкин дахь Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч, 2000-2003 онд Хаан банкны дэд захирал, 2003-2004 онд Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд, 2005-2010 онд Монгол Ардын намын дэргэдэх Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2004-2012 онд Монгол Улсын их хурлын гишүүн, 2009-2012 онд Монгол Улсын гадаад харилцааны сайд, 2012-2013 онд Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач, 2016-2024 онд Монгол Улсын их хурлын гишүүн, 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2019-2024 онд Монгол Улсын их хурлын дарга, 2024 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар тус тус ажилласан байна.
Гомбожавын Занданшатар нь 1992 оноос Эрдэм шинжилгээ, судалгаа, эдийн засаг, гадаад харилцааны чиглэлээр төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын түвшинд ажилласан төрийн албаны туршлагатай, улстөрийн манлайлал, бодлогын тогтвортой байдлыг ханган ажиллах чадвартай хэмээн үзэж Монгол Улсын Ерөнхий сайдад томилуулахаар ийнхүү хуулийн дагуу санал оруулж байна. Иймд Гомбожавын Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох хуульд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.