УИХ-ын чуулган өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжлээ.
Үүний дараа Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар, “Та бүхэндээ зуны тэргүүн сарын шиний 15-ны улаан тэргэл сартай шөнийн мэндийг дэвшүүлье. Юуны өмнө надад итгэл найдвар, үүрэг хариуцлага хүлээлгэсэн, Ерөнхий сайдаар томилсон УИХ-д чин сэтгэлийн талархал илэрхийлье. Засгийн газрын тэргүүний өндөр хариуцлагатай албан тушаалд нэр дэвшүүлсэн намын нөхөд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд талархлыг хамтатган дэвшүүлье. Шударга хөгжил, баялгийн тэгш хуваарилалт, мега төсөл, бүсчилсэн хөгжил, шинэ сэргэлт зэрэг томоохон бодлого, зорилт дэвшүүлж, зохих үр дүнд хүргэсэн 32, 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний тэргүүлсэн Засгийн газрын гишүүдэд хүндэтгэл илэрхийлж байна. Шинээр байгуулагдах Засгийн газар МАН, АН, ХҮН намын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны үйл хэргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, амжилт ололтыг улам бататгах болно. Мөн өнөөдөр УИХ-ын гишүүдийн асуусан асуултад үндэслэж үйл ажиллагааны хөтөлбөрөө баяжуулж засаж залруулж, цаашдын бодлогоо шинэчлэх болно.
Өнөөдөр дэлхий дахинд геополитик, геостратегийн хурцадмал нөхцөл байдал үргэлжилж, худалдаа, тарифын дайн нүүрлэсэн нэн эгзэгтэй энэ цаг үед тэр тусмаа Монгол Улсад эдийн засгийн болон гадаад улс төрийн шинж чанартай хүндрэл, сорилт бэрхшээлүүд тулгарч байна.
Түүхий эдийн үнийн өсөлтөөс шалтгаалсан, уул уурхайн цөөн тооны бараа бүтээгдэхүүнээс хэт хамааралтай Монгол Улсын эдийн засагт хүндхэн сорилт тулгарах эрсдэл бий болсон. Манай эрчим хүчний системд ч гэнэтийн эрсдэл үүсэж байна. Иймд эдийн засгаа тогтворжуулж иргэдийн амжиргааг тамиржуулах, эрчим хүчний гэнэтийн доголдол зэрэг тулгамдсан асуудлыг нэн яаралтай дэмжих асуудал үүсэж байна. Эрсдэл, сорилтыг даван туулж, Үндэсний сорин тэсвэрлэх чадварыг бүх түвшинд төлөвшүүлэх нь Шинэ Засгийн газрын нэн тэргүүний зорилт байх болно. Монголчууд бид гадаадын таагүй нөхцлөөс хохирч биш хожиж гарах ёстой. Иймд иргэдийн итгэлийг нь үгүй хийж, мөрөөдлийг нь сүүдэртүүлж байгаа асуудлуудыг эрэмбэ шат дараалалтай шийдвэрлэхийг эрхэм зорилго болгоно. Улсын эдийн засаг хүнд байгааг ч шулуухан хэлье. Зардлаа багасгаж орлогоо хэмнэхээс өөр сонголт бидэнд байхгүй. Гэхдээ эрсдлийг даван туулахдаа ард түмний нуруун дээр ачааг үүрүүлж, халаас хэтэвчийг нь тэмтрэх замаар бус төрийн үрэлгэн зардлыг багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчмыг баримтлах шаардлагатай. Тиймээс Монгол Улсын 2025 оны төсөвт нэн яаралтай хэмнэлтийн тодотгол хийж, төсвийн сахилга бат, ил тод нээлтэй нэгдмэл байдлыг чанд чахиж, хариуцлагын тогтолцоог эрс чангатгана.
Төсвийн зардал, ачааллыг нэмэгдүүлж байгаа төрийн бүтцийг эмхлэн цэгцэлж, тооноос чанарт шилжиж цомхон чадварлаг бүтээмжтэй төрийн албыг бий болгох чиглэлд бодитой алхмуудыг хийх шаардлагатай байна.
Төрийн өмчит аж ахуйн нэгж, чиг үүрэг нь давхардсан үндэсний хороод болон үр ашиг муутай төрийн сангуудыг цэгцэлнэ. Төрийн өмчит компаниудыг цөөлж, хувьчлалыг эрчимжүүлж, засаглалыг сайжруулж, олон нийтийн хяналттай, цомхон чадварлаг байх бүтцийн өөрчлөлтийг хийж, мэргэшсэн удирдлагын тогтолцоог нэвтрүүлнэ.
Манай Загсийн газар хөдөлмөрлөж байгаа хүн бүрийг, ажил олгогч, баялаг бүтээгч нараа бүх талаар нь дэмжиж ажиллана. Тиймээс татвар, НДШ-ийн цогц реформ хийж, нийт ААН-ийн татварын дарамтыг бууруулж, шаталсан шударга таврын тогтолцоог эрчимжүүлнэ. Түүнчлэн хувийн хэвшлийн хийх боломжтой ажлыг төр хийхгүй байх зарчмыг баримтална. Төр зарим үйлчилгээний чиг үүргийг хувийн хэвшилд, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиг баримтална. Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно. Шинэ Засгийн газар монгол хүний хөгжлийг бодлогынхоо цөмд нь иргэдийнхээ эрхийг шийдлийнхээ голд нь тавьж асуудалд ханддаг ард түмний төлөөх Засгийн газар байхыг эрхэм зорилгоо болгож ажиллана. Чадварлаг, бүтээмжтэй, дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүний хөгжилд чиглэж эрүүл мэнд боловсрол, нийгмийн хамгааллын цогц реформыг эрчимжүүлэх болно. Бүтээмж, гүйцэтгэл үр дүнд суурилсан цалин хөлсний бодлогыг салбар бүрт нэвтрүүлнэ. Халамжийн тогтолцоонд шинэчлэл хийж, хамгийн сайн халамж бол хөдөлмөр эрхлэлт байх зарчмыг удирдлага болгоно. Үндэсний баялгийн сангийн бодлогыг тууштай хэрэгжүүлж баялагтаа эзэн монгол хөтөлбөрөө тууштай хэрэгжүүлнэ. Монгол хүн баялагтаа эзэн байх ётсой. Үр өгөөжийг нь тэгш хүртэх эрхтэй. Энэ зарчмын үүднээс стратегийн аж ахуйн нэгжүүдтэй хийж буй хэлэлцээрийг үргэлжлүүлэн үр дүнд хүргэнэ.
Миний бие өнгөрсөн хугацаанд төрийн бодлогын түвшинд ажиллахдаа төрийн тогтвортой байдлыг хангахыг тууштай баримталж, ард түмнийг сонсож ажиллаж ирсэн. Иймээс авлигалаас ангид, ард түмнээсээ зугтаадаггүй, эрх мэдлийн ард нуугддаггүй үнэнээ хэлдэг Засаг байх болно. Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд би хүнийг төвд нь тавьсан хөгжил, шударга ёсыг эрхэмлэсэн төр, нэг бодлого, нэг зүтгэл уриаг үйл хэрэгт хэрэгжүүлж, эв нэгдэл итгэл дээр суурилан ажиллах болно” гэлээ.