Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.06.13/ улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ВИДЕО:
Албан эх сурвалжийн мэдээлснээр: Сүүлийн 24 цагийн байдлаар 338 тохиолдол батлагдсанаас нийслэл Улаанбаатар хотод 238, Архангайд 10, Говь-Алтайд зургаа, Дархан-Уул аймагт 42, Дорноговь аймагт тав, Сүхбаатар аймагт 31, Увс аймагт зургаан тохиолдол бүртгэгдсэн байна. 2025.02.18-ны өдрөөс хойш 7174 тохиолдол бүртгэгдсэнээс 5444 хүн эдгэрсэн байна.
Ойрын хавьтал болох 62455 хүн голомтын хариу арга хэмжээ авах байснаас 4429 хүнд голомтын хариу арга хэмжээ буюу вакцинд хамруулж, 626 хүн вакцинд хамрагдахаас татгалзсан байна. Вакцинаар сэргийлж болох өвчин учраас хавьтал болсон иргэд вакцинд даруй хамрагдах шаардлагатай байна. Эдгээр иргэд вакцинд хамрагдахаас татгалзаж байгаа нь улаанбурхан өвчний тархалтыг зогсоож чадахгүй байдалд хүргэж байна.
Мөн өнөөдрийн байдлаар гэрээр эмчлэгдэж байгаа 1009 хүн, эмнэлэгт 626 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. ХӨСҮТ-д 490 гаруй хүүхэд байгаа бөгөөд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 85 хувь нь улаанбурханы оноштой байна. Өнгөрсөн долоо хоногт гурван нас баралт бүртгэгдсэн бөгөөд нийт таван нас баралттай байна. Өнөөдөр эрчимт эмчилгээний тасагт 10 хүнд хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Дээрх хүүхдүүдийн 71 хувь нь вакцинд хамрагдаагүй, нэгдүгээр тунтай хүүхэд 7.8 хувь, хоёр тунтай хүүхэд 16 хувь, вакцинд хамрагдах нас нь болоогүй хүүхэд 5 хувийг эзэлж байна.