УИХ-ын гишүүн Э.Болормаа хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт ажиллуулахыг эсэргүүцсэн албан бичгийг санаачлан МАН-ын бүлгийн гишүүдийн гарын үсгийг цуглуулж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүний албан бичигт 30 гишүү гарын үсгээ зурсныг өчигдөр /2025.06.12/ Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлсэн байна. Тэгвэл үүнтэй холбоотойгоор яг одоо Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-д нэг удаа сонгогдсон залуу гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзаж байгаа юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Болормаа " Монгол Улсын Ерөнхий сайдад Г.Занданшатар дарга нэр дэвшиж байх үед нь санал хураалтаас өмнө миний бие энэхүү албан бичгийг албан ёсоор уламжилсан. Ер нь гурван зарчмын асуудлыг хөндсөн.
Үүнд:
- Тэгш оролцоо, эв нэгдлийг хангаж ажиллахыг шаардсан. МАН-ын бүлгийн 68 гишүүний 39 нь буюу 57 хувь нь анх удаагаа сонгогдсон. Эдгээр гишүүд дундаас дуу хоолой хангалттай хүрэхгүй байна. Ялангуяа бид мэргэжлийн ур чадвартай боловсон хүчнийг жагсаалтаар оруулж ирсэн. Жагсаалт, тойрог гэдэг байдлаар ялгаварлахгүйгээр хандахыг хүссэн. Нээлттэй, ил тод, дотоод ардчилалтай байх тусмаа улам илүү эв нэгдэлтэй байдаг. Энэ бол цаашдын Засгийн газар тогтвортой байхад чухал зүйл болов уу гэж харж байна.
- Жендерийн тэгш оролцоог хангахыг хүссэн. Үүнд Баасанжаргал гишүүн нэлээд манлайлалтай, дуу хоолойгоо хүргэж байгаа. Одоогоор хуульд Засгийн газрын бүрэлдэхүүний 15 хувь нь аливаа хүйсийн төлөөлөл орсон байх ёстой гэсэн шаардлага байдаг. Энэхүү бичигт 30 хувийн манлайлал үзүүлэх зүйтэй болов уу гэсэн санал тавьсан. Улс төрийн намын тухай хуульд 40 хувь гэсэн агуулгатай байдаг. МАН-ын гишүүдийн олонх нь буюу 60 гаруй хувь эмэгтэйчүүд байдаг. Түүнээс гадна нийт дэмжигчдийн улс төрийн идэвхээрээ эмэгтэйчүүдийн дуу хоолой их байдаг. Иймд үүнийг Эмэгтэйчүүдийн холбооны зүгээс удаа дараа дамжуулсныг энэ бичигтээ уламжилсан.
- Улс төрийн легитим чанарыг хүссэн. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар сайдын хувьд хэдий улс төрийн туршлагатай ч гэсэн парламентын хувьд дан дээлтэй гэж хэлж болно. Тэгэхээр бүтэц, бүрэлдэхүүнээ улс төрийн легитим байдлыг хүлээн зөвшөөрөгдөх байдлыг харгалзан үзэж УИХ-ын гишүүдээс бүрдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Яагаад гэвэл 126 гишүүнтэй болсон шалтгаануудын нэг нь энэ болов уу.
Ийм гурван зарчмын зүйлийг дэмжиж 30 гишүүн гарын үсэг зурсан. Нэмээд ч дэмжиж байгаа гишүүд байгаа. Энэ бол аливаа нэг хүний, сандал, суудлын асуудал биш зарчмын асуудал гэдгийг ойлгож хүлээж авна гэдэгт итгэж байна. Өчигдөр албан ёсоор энэхүү бичгийг гардуулж өгсөн учир одоогоор бол хариу ирээгүй. Гэхдээ Ерөнхий сайд эдгээр гишүүдийн төлөөлөл болон шинэ гишүүдтэй уулзъя гэж хэлсэн гэсэн. Хувь улстөрчийн хувьд улирч байгаа сайд нарыг харахад улс төрийн жудаг, ёс зүй байх ёстой. Олон нийт манай намын дотоод ардчилал, шинэчлэлийг үнэлээд ялалт бий болсон болов уу. Намайг ийм бичигт гарын үсэг зуруулж байна гээд намын ах нараас дарамтлуулсан зүйл байгаа" гэлээ.