Улсын хэмжээнд 2025 оны тавдугаар сард нийт 373.252 зөрчил бүртгэгдсэн бөгөөд өмнөх дөрөвдүгээр сард гарсан зөрчилтэй харьцуулахад 8.2 хувиар өссөн байна.
Бүртгэгдсэн нийт зөрчлийн 78.2 хувь Нийслэлд, 21.8 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Үүнээс 98.3 хувийг Цагдаагийн байгууллага, 1.7 хувийг Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар, Онцгой байдлын газар зэрэг бусад эрх бүхий байгууллага шалган шийдвэрлэжээ. Тавдугаар сард зөрчил гаргасан 366,328 хүнд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 9.1 хувиар өссөн бол 1,157 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Шийтгэл оногдуулсан иргэний 72.4 хувь нь эрэгтэй, 27.6 хувь нь эмэгтэй бөгөөд нийт зөрчлийн 61.2 хувь нь 26-45 насныхан эзэлж байна.
Зөрчлийн хэргийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 3.8 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2.3 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ. Тавдугаар сард гарсан зөрчлийг дөрөвдүгээр сартай харьцуулахад Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 19 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 11.1 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 10.1 хувиар, Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 4.7 дахин өссөн байна. Харин Танхайрах зөрчил 29.7 хувиар, Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 25 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 22.4 хувиар, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 8.3 хувиар, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 3.6 хувиар, Хулгайлах зөрчил 3.2 хувиар тус тус буурсан байна.