Гаднын компаниас хандив авч, УИХ-д сонгогдсон Э.Болормаагийн хэрэг зөрчил биш "Гэмт хэргийн шинжтэй" байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна

Гаднын компаниас хандив авч, УИХ-д сонгогдсон Э.Болормаагийн хэрэг зөрчил биш "Гэмт хэргийн шинжтэй" байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна

УИХ-ын гишүүн Э.Болормаагийн 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, гишүүн болсон гэх хэргийг Ховд аймгийн цагдаагийн газар шалгаж байсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хаагдаж магадгүй болоод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

ВИДЕО: 

Тодруулбал,  УИХ-ын гишүүн Э.Болормаа нь УИХ-ын сонгуулийн үеэр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй “Кью Жи Экс Холдингс Лимитед” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” ХХК-иас хандив авч, уг хууль бус хандиваа сонгуулийн компанит ажилдаа зарцуулсан болох нь Үндэсний аудитын газрын тайлангаар нотлогддог. Тиймээс ч Э.Болормаад холбогдох хэргийг Цагдаагийн Ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас шалгаж, улмаар харьяаллын дагуу Ховд аймгийн цагдаагийн газар руу шилжүүлсэн байдаг. Улмаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хаагдаж магадгүй болоод байсан юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Болормаагийн гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” ХХК-аас хандив авч, сонгуулийн зардалдаа зарцуулсан хэргийг хуулийн байгууллагаас зөрчлийн хэрэг бус гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Тодотговол, түүнийг Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэх зүйл ангиар шалгаж эхэлсэн байж магадгүй байна. Мөн Э.Болормаа нь УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй байгаа тул хуулийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, тайлбар мэдүүлэг өгөхгүй байгаа гэх мэдээлэл ч байгаа юм. Хэрэв мөрдөн шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүний бүрэн эрх нь саад учруулж байна гэж үзвэл прокуророос түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д хүргүүлэх боломжтой. Харин прокуророос санал гаргах эсэх талаарх мэдээлэл одоогоор байхгүй байна.

-Э.БОЛОРМААГИЙН СОНГУУЛИЙН ЗАРДАЛД АУДИТ ХИЙСЭН АУДИТОР "ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ КОМПАНИЙН ДОТООДЫН КОМПАНИ ГЭЖ АНДУУРСАН" ГЭЖЭЭ-

Улс төрд "тооно"-оор орж ирсэн гэгддэг УИХ-ын гишүүн Э.Болормаагийн сонгуулийн зардалд аудит хийсэн "Нийслэл аудит" ХХК-ийн аудит хийх эрхийг нь цуцлах саналыг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Сангийн яаманд хүргүүлээд байгаа гэдгийг албаны эх сурвалж мэдээлсэн. Тодотговол, Т.Сугарсүрэн захиралтай "Нийслэл аудит" ХХК нь Э.Болормаагийн сонгуулийн зардалд аудит хийж, дүгнэлт гаргахдаа хариуцлага алдаж, "Зөрчилгүй" гэсэн дүгнэлт гаргасан нь дээрх асуудал үүсэх бас нэгэн шалтгаан болсон учир тус компанийн аудит хийх эрхийг цуцлах саналыг хүргүүлсэн аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн компанийн аудитор нь "Гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” ХХК-ийг ижил төстэй нэртэй дотоодын компанитай андуурч дүгнэлт гаргасан" хэмээн тайлбарласан байна. Бид уг хэргийг талаар болон Сангийн яамнаас гарах шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө