Хүний эрхийн үндэсний комисс 1.296 хүнийг хамруулж, цагдаагийн албан хаагчдын ёс зүйн асуудлаар судалгаа хийжээ. Судалгаагаар дунд шатны албан тушаалтнууд мөрдөн шалгах болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулахдаа ёс зүйн болоод харилцаа хандлагын зөрчил илүү их гаргаж байгааг тогтоосон байна.
ХЭҮК-ийн гишүүн Б.Энхболд “Судалгаанд хамрагдсан 100 хүн тутмын 30 нь цагдаагийн албан хаагчид хүний эрхийг хангадаггүй гэсэн хариултыг өгч байна. Харин 21 хувь нь хүний эрхийг хангаж ажилладаг гэсэн хариултыг өгсөн. Мөн 2000 орчим хүнийг хамруулсан судалгаагаар хэд хэдэн асуудал анхаарал татсан. Түүний нэг нь цагдаагийн алба хаагчдын харилцаа хандлагын асуудлыг иргэд маш их шүүмжилсэн. Цагдаагийн албаны ёс зүйн хэм хэмжээг баримталдаггүй, хуулийн дагуу ажилладаггүй, хугацаанд нь шийдвэрлэдэггүй зэрэг асуудлыг иргэд хатуу шүүмжилсэн” гэв.
Уг судалгаатай холбоотойгоор ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзулаас тодруулахад “Судалгаагаар дунд шатны удирдах алба хаагчид зан харилцааны алдаа их гаргадаг гэсэн дүн гарсан байна. Энэ нь ахлахаас дээшээ цолтой албан хаагч гэсэн үг. Улмаар уг хандлага доод шатны алба хаагчдад нөлөөлдөг гэж судалгаанд гарсан. Иймд бид ахлахаас эхлээд тасгийн дарга нарт чиглэсэн сургалтуудыг зохион байгуулж байна. Ганц сургалтаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Цаашид цагдаагийн алба хаагч бэлтгэж байгаа сургуулийн хөтөлбөрөөс анхаарна” гэсэн юм.